Засгийн газар, ЭМЯ-ныхан 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 200 орчим мянган хүүхдийг хамруулаад зогсоожээ. Тус хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэн, 2-12 насны 750 мянга гаруй хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэхээр зорьж, улсаас 50 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Гэвч ЭМЯ-наас уг арга хэмжээг хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 4/1494 тоот албан бичиг хүргүүлж, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Ингэснээр 2021 оны улсын төсөвт тодотгол хийх хүртэл эл асуудлыг шийдвэрлэх боломжгүй болжээ. Тиймээс тус газрынхан гэрээт эмнэлгүүдэд хөтөлбөрөө зогсоохыг мэдэгдсэн гэнэ. Эл шийдвэрийг шүдний эмнэлгүүдийнхэн төдийлөн сайшаахгүй байгаа аж. Учир нь зарим эмнэлгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн мөнгийг улсаас өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш олгоогүй юм байна. Ташрамд сануулахад, ЭМЯ болон холбогдох байгууллагууд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг нийслэлд хангалттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзээд зогсоож, орон нутагт үйл ажиллагаа явуулахаар болсныг манай сонин өмнө нь мэдээлсэн. Үүний хүрээнд хэд хэдэн аймгийн төв, суурин газарт тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч хангалттай үр дүн гараагүй аж.