Өдөр бүр зурагтаар дуулгадаг мэдээллээс анхаарал хамгийн их татдаг нь хоногт батлагдсан “Ковид-19”-ийн тохиолдлын тоо. Сүүлийн үед хэдэн хүн нас барав гэдгийг “сонирхох” болсон. Зарим хүнд бусад тоо баримт, дүн шинжилгээ огт хамаагүй. Өчигдөр гэхэд “Хөөх яана аа, 1340 болчихож. Гурван хүн нас барсан байна, харин ч өчигдрийнхөөс нэгээр цөөрчээ” гэж ярилцаад, гэртээ байх нь үлдээд, гадаа тоглох нь гараад, дугуйгаар аялах нь ойр зуурын хүнс бэлтгэж аваад жийж өгөх жишээтэй. Ахмадууд өдөрт салхинд гарах нэрээр байрны гадаа үеийнхэнтэйгээ сууж, өглөөний мэдээний тухай ярих дуртай. Лав нийслэлд бүгд биш ч гэсэн хатуу хөл хорионы өдрүүдийг иймэрхүү, өөрөөр хэлбэл, айж, зовох юмгүй өнгөрөөж буй нь олон. Энэ нь нэг талаар дархлаагаа унагахгүй сайн талтай байж болох ч нөгөө талаар асар их эрсдэлтэй билээ. МҮОНТ-ээр хоёр хоногийн өмнө дроноор авсан дүрс бичлэг харууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс хээвнэг зугаалж явна. Хүүхдээ салхилуулж буй ээжүүд эгнээд суучихаж. Цар тахлын үед нийслэлийн иргэд ийм л байна.
Эмнэлгүүдийн ачаалал ихсэж, улмаар дийлэхээ болиход ойрхон байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагчдын баг хоногт гурван ээлжээр ажиллан үүргээ гүйцэтгэсээр. Тэнд ажлын ачаалал 3-4 дахин нэмэгджээ. Мөн эмнэлгийн ажилтнууд өвдөх нь элбэг байгаа учир хүн, хүчний хомсдолд орох талтай. Тиймээс ЭМЯ-ны бус, өөр яамдын харьяа дөрвөн эмнэлгийг бэлэн байдалд дайчилж эхэлсэн. Тэдгээрт хараахан өвчтөн хүлээж аваагүй байгаа. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, резидент, асрагч, техникийн болон удирдах ажилтан нийлсэн нийт 56 000 орчим хүн ажилладаг аж. Юутай ч УОК, ЭМЯ саалиа бэлдэхээр саваа бэлдэж байна. Энэ 50 гаруй мянган эмч, ажилтнуудын хэд нь техникийн талынх юм гэдэгт хариу өгөх хүн өнөөдөр алга.
Мөн нөхцөл байдал өнөөдрийнх шиг үргэлжилж, хоногт 1000 гаруй тохиолдол бүртгэгдсээр байх аваас цаашид өвчтөнүүдэд үйлчлэх эмч, сувилагч, асрагчийн тоо хүрэлцэх үү гэдэгт ч мөн одоогоор хариу өгөхгүй байна. “Резидент эмч нарыг бүгдийг хамруулж байгаа” гэхээс өөр хэлэх зүйл холбогдох албаныханд алга. Түүгээр зогсохгүй УОК, ЭМЯ-ны эрх бүхий албан хаагчдын аль аль нь ихэд тайван байх аж. “Судалж байна”, “Энэ талаар УОК-оос асуугаарай”, үгүй бол “Энэ бол ЭМЯ-ны хариуцах ажил” гэсэн хариу нэг бус удаа сонслоо. Мэдээлэл нэг байх учиртай сан гэж санан лавлаж тодруулахад “Байдал цаашид сайжрах, эсэхийг иргэд л мэднэ шүү дээ” гэж ч хэлсэн. Нэг талаар маргах аргагүй үнэн бөгөөд олон нийт өөрсдөө ухамсартай байж засаг, төрөөс анхаарал, халамж, эс бөгөөс “хатуу гар” шаардах эрхтэй мэт. Нөгөө талаар лав энэ хоёр байгууллагынхан удирдлагын түвшинд ч, гүйцэтгэх шатанд ч тааваараа, налайсан мэт байх нь цар тахалтай эвлэрчихсэн мэт. Иргэд хатуу хөл хорионы журамд захирагдаад, өөрөөр хэлбэл, гэртээ байж, гудамж, талбай, дэлгүүрээр яваад, айл хэсээд байхгүй бол өвчний тархалт намжина, үгүй бол бид яах юм гэсэн байр суурьтай болсон мэт санагдсан. Улс даяар олон хүн эмнэлэгт эмчлүүлж, хэдэн зуугаараа гэртээ эмнэлгийн байгууллагынхны зөвлөгөөгөөр өөрсдийгөө хянаж, эмчилж буй энэ үед төр, засаг ба иргэд гэсэн хоёр талын “өнгө”, байдал ийм янзтай.
Иргэд хөл хөдөлгөөнөө хумьж, өөртөө, гэр бүлийнхэндээ, төр, засагт ч тусалж чадах үр дүнтэй арга харагдаж байгаа юм. Ингэж хэлэхэд хүмүүс “Би амны хаалт зүүж байгаа. Гараа сайн угаадаг. Айлд очдоггүй. Олон хүнтэй газарт ордоггүй. Агаар, салхинд ганцаараа явж байхад хаанаас вирус халдах юм бэ” гэж асуух байх. Ингэж сөргүүлэх хүнийг буруутгах аргагүй. Яагаад гэхээр энэ өвчин дэлгэрсэн цагаас манай улсын ЭМЯ, Засгийн газар, ДЭМБ ч гэсэн ийм удирдамж өгсөөр ирсэн. Гэтэл ингэж хариулж буй хүн дэглэм сайн барьж байхад өөр хэд хэдэн хүн айлд очоод, олон хүнтэй дэлгүүрт үйлчлүүлээд ч юм уу, халдвар авсан байхад түүний алхаад, амьсгалаад өнгөрсөн орон зай танд аюултай. “Хэн ч алга” гээд агаар амьсгалъя хэмээн амны хаалтаа авах тохиолдолд та вирус залгих л болно. Коронавирус агаарт тодорхой хугацаанд оршин байдгийг олон улсын эрдэмтэд судалгаагаар нотолж, удаа дараа мэдээлэл хийж, мэдэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Ийм нэгэн онцлог, хичээвэл өртөхгүй байж болох өвчин энэ цаг үед хүн төрөлхтнийг түйвээж байна.
Хүмүүсийн дунд “Үнэхээр ийм олон хүн өвдөөд байгаа юм уу” гэх асуулт одоо ч байсаар. Өөрөө болон үр хүүхэд, ээж, аав нь халдвар аваагүй бол орчин тойронд нөхцөл байдал өөрийнх нь гэрийнх шиг гэж боддог хүн олох байх аж. Ийм нөхцөлд мэдээлэл дуулгаж байх нь зүйтэй ажгуу. Амьдрал үргэлжилж л байгаа учраас хойш коронавирусийн бус шалтгаанаар өвдөж буй хүн олон бий. Мөн эхчүүд амаржсаар. Нийслэлийн “Өргөө” амаржих газарт гэхэд коронавирусийн халдвартай таван эх нярайлсан байна билээ.
Одоогоос 10 гаруй хоногийн өмнө өрөөсөн хөл нь гишгэж болохоо байсан өвчтөн харьяаллын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэгт үйлчлүүлэхээр очиход Мэдрэлийн тасаг нь “Коронавирус илэрсэн” гээд хаалгаа барьчихсан байж. Тэдний чиглүүлснээр Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн эрүүл мэндийн төд хэвттэл гурав хоногийн дараа тэнд бас халдвар тархсан гээд эмч нь үзэгдэхээ больж. Үлдсэн сувилагч нь хэдэн хүний тариаг үргэлжлүүлэн хийж байж л дээ. Гэтэл эмнэлгийнхэн, өвчтөнүүдийн ч шинжилгээний хариу сөрөг гарч, ийм байгаа дээрээ бүгд явъя гэснээр өвчтөнүүд ч, эмнэлгийнхэн ч гэртээ харьжээ. “Дутуу хоногуудын эмчилгээг яах вэ”, “Ядаж тариагаа аваад харья” гэхэд “Эмч байхгүй, эмийн сан ажиллахгүй” гэж. Энэ мэтчилэн коронавирусийн уршгаар амьдрал хаана ч хүндэрч байна. Өөрсдөө өвдөөгүйдээ эрдэн хэний ч үгийг сонсохгүй, хэний ч тухай бодохгүй, хар амиа хоохойлон зугаалсаар байх нь олон нийтийн эрх ашигт ноцтой аюул учруулж буй тул төр төмөр нүүрээ үзүүлэх лүгээ адил арга хэмжээ авсан нь дээр санагдана.
Манай улсад батлагдсан тохиолдлын хоногийн дундаж 1000 гэдэг нь хүн амтай нь харьцуулж авч үзэхэд БНХАУ-д хоногт 500 мянган хүн өвчилсөнтэй адил юм. Урд хөршид нөхцөл байдал ийм байхад тус улсын Засгийн газраас ямар ямар арга хэмжээ авч, иргэдээ хэрхэн “дарсныг” бид мэднэ. Тус улсад коронавирусийн эсрэг цуврал арга хэмжээний эрчийг нь алдагдуулалгүй зүтгүүлсээр өдгөө дүгнэхэд харьцангуй богино хугацаанд цар тахлыг намжаасан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Манай хойд хөрш ямар зам туулж, хэр хэмжээний хохирлоор нөхцөл байдлын дундуур туучиж явааг ч бид мэднэ. Тус улс өнгөрсөн жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар “Цэцэг” арга хэмжээний хүрээнд тэмдэглэснээр цар тахал “гэрлийн хурд”-аар тархсаныг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Манай улсад ч үүнтэй адил үйл явдал энэ сарын 9-нд буюу хатуу хөл хорио тогтоохын өмнөх өдөр болсон. Засгийн газар иргэн бүртээ дархлаагаа дэмжээрэй хэмээн 300 мянган төгрөг олгохдоо хөл хорионы өмнөх өдрөөс дансанд нь шилжүүлсэн. Ингэснээр хүмүүс 15 хоногийн хүнс базаах болон амьдрал, ахуйн бусад асуудлаа шийдэхээр яг л хонь, хурга нийлсэн мэт бужигнасан. Энэ бол Засгийн газрын алдаа байсныг олон нийт хэлж буй ч төр, засгийн зүгээс ямар нэг тайлбар хэлэхгүй байгаа. Өдгөө тайлбарлаад ч яах билээ.
Гагцхүү цаашид авах арга хэмжээгээ оновчтой төлөвлөн, цар тахлыг хохирол багатай даван туулах стратегиа боловсруулсан нь дээр. Гэхдээ энэ алдааны тухай хэвлэлд бол тэмдэглэж үлдээх нь сэтгүүлчдийн, мэдээллийн байгууллагын үүрэг хэмээн санана. Мөн халдварын тархалт ийм хурдтай буй энэ үед төр, засгийн бодлогын цөмийг цар тахлыг дарахад чиглүүлнэ үү гэхээс хоёр сар хагасын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль мэтэд цаг заваа үрж, хөрөнгө мөнгө сүйтгэхгүй байгаасай хэмээн эрх баригчдаас хүсэх байна. Эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрсэн тул цаашид ямар арга хэмжээг, хэрхэн авах гэж байна, шинэ соргог шийдэл юу байна хэмээн асууж лавласан ч УОК, ЭМЯ хоногт 1340 тохиолдол илэрсэн, гурван хүн нас барсан гэсэн мэдээлэлд цочирдсон, сэрдхийсэн шинжгүй мэт тайван амгалан байгааг харахад ихэд аймшигтай санагдсаныг хэлье. Юутай ч хувь хүн амь насаа хамгаалахын төлөө өөрсдөө хүчтэй тэмцэх ёстой нь маргашгүй үнэн ажгуу.