Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтарч “Эрүүл мэндийн тэгш байдлын манлайлагчид” төслийн уралдааныг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн дунд зарлаж байна. Энэхүү уралдааны зорилго эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнтэй хүртээмжийг бий болгох юм. Уралдаанд хамгийн сайн санал, шийдлийг боловсруулсан гурван оролцогч ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай гэрээ байгуулан ажиллах бөгөөд санал болгож буй шийдлүүдийг бодит ажил болгох үүднээс тус бүр 20 сая төгрөгийн гэрээ байгуулах эрхийг авах аж. Төслийн материалыг энэ сарын 30 хүртэл tegshbaidal@gmail.com цахим хаягаар хүлээж авах юм байна.