Баянгол дүүргийн худалдааны төвүүдэд албаныхан шалгалт хийжээ. Шалгалтаар Барс-2, Хар хорин, ЕМарт, Орхон зэрэг худалдааны төвүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн түгээж буй тээврийн хэрэгслүүдийн эрүүл ахуйн орчин бохир, цэвэрлэгээ хийгддэггүйг тогтоосон байна. Мөн түгээгч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, халдвар хамгааллын хувцас, бээлий, малгай, гар ариутгах ариутгалын бодисгүй. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг сагс, саваа цэвэрлэдэггүй, халдвар хамгааллын дэглэм баримталж ажилладаггүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. Дээрх зөрчлийг үндэслэн холбогдох хууль, дүрэм, захирамжийн дагуу арга хэмжээ тооцсон аж. Тэгвэл Хан-Уул дүүргийн худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүр зэрэг 114 объектод хяналт шалгалт хийхэд 14 зөрчил илэрчээ. Үүнээс 10 зөрчлийг газар дээр нь арилгуулсан хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.