Их Британийн хатан хаан II Элизабетын нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филиппийг оршуулах ёслол 4-р сарын 17-ны Бямба гарагт Виндзорын шилтгээнд болов.
Виндсорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмийн зүг чиглэх оршуулгын цуваанд хунтайж Филиппын шарил ачсан машины ард түүний дөрвөн хүүхэд болох Чарльз, Эндрю, Эдвард, гүнж Анна,ууган ач зээ нар болон хааны ордны өндөр албан тушаалтнууд алхав. Харин хатан хаан II Элизабет цувааны төгсөлд машинаараа явлаа. Хунтайж Чарльз эцгийнхээ шарилын араас алхаж байхдаа нулимс дуслуулж байв. Авсыг Эдинбургийн гүнгийн хувийн штандартаар (туг) бүтээж дээрээс нь түүний цэргийн малгай, сэлмийг тавьжээ.
Цартахлын нөхцөл байдлын улмаас оршуулгын ёслол болох сүмд хааны гэр бүлийн 30 хүнийг л оруулахыг зөвшөөрсөн байна. Энэхүү арга хэмжээнд 730 цэргийн албан хаагч оролцжээ. Их Британи даяар нэг минут чимээгүй болсны дараа ёслолыг Виндзорын декан Дэвид Коннер, Кентерберийн хамба Жастин Уэлби нар гүйцэтгэв. Цуваанд ханхүү Уильям, Харри нар мөр зэрэгцэн алхсангүй. Тэдний дунд гүнж Аннагийн том хүү Марк Филлипс зогсож байв.
Харин сүмд болсон ёслолын үеэр тэд өөд өөдөөсөө харж суужээ. Мөн сүмээс гараад ах дүү хоёр хамт явж ярилцаж байлаа. Жирэмсний үед нисэхээс татгалзахыг эмч нар зөвлөсөн тул Меган Маркл оршуулах ёслолд оролцоогүй ч гэсэн өөрийн сонгон авсан цэцгээ АНУ-аас явуулжээ. Ёслол хунтайж Филиппийн захисны дагуу явагдсан байна. Түүнийг Гэгээн Жоржийн сүмд оршуулжээ.
Хунтайж Филипп дөрөвдүгээр сарын 9-нд Виндзор шилтгээндээ нас баржээ. Тэрээр зургаан сард 100 нас хүрэх байв.