Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон үед ашиглах, сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо. “Apple” болон “Google” компаниуд коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор “Covid-19 ERSDEL” апплекшнийг хөгжүүлж буй бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая хэрэглэгч ашиглаж байгаа юм. Энэхүү системийг Монголчуудын хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран, бэлтгэл ажлыг ханган, ирэх даваа гаргаас (дөрөвдүгээр сарын 19) ашиглалтад оруулахаар болжээ.
Энэхүү апплекшнийг гар утсандаа суулган “bluetooth” цэсийг асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьталд сэрэмжлүүлэх боломжтой гэнэ. Тус апплейкшн халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалахгүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлогтой юм.