Ардчилсан намын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус нам сонгуульд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд гишүүд, дэмжигчидтэйгээ саналаа хуваалцах байдлаар хамтран ажиллах гэнэ. М.Тулгат “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөв болон тавдугаар сард вакцинжуулалт хийнэ гэж мэдэгдсэн. Хөл хорио тогтоосон энэ цагт дархлаажуулалтыг цаг алдалгүй хийх ёстой атал вакцины нийлүүлэлт тасарч, зогсооход хүргэсэнд нь АН шүүмжлэлтэй хандаж байна. Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн улсын нэг боллоо гэж эрх баригчид өнгөрсөн жил өөрсдийгөө сайшааж байв. Тэр үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноор хоёр жилийн турш хүүхдүүд боловсрол эзэмшиж чадахгүй хохирлоо. Дархлаажуулалтад иргэдээ хамруулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт жагсана гэсэн тооны хойноос хөөцөлдөж байхаар учирч болох эрсдэлээ тооцоолох ёстой байсан. Энэ бол хийж буй ажлаа дөвийлгөж, улс төрийн зорилгоор ашиглах гэсэн арга барил. Үүний хор уршгийг иргэд л амсаж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсаас манайд тусламж үзүүлсээр байгаа. Мөн цар тахлын эсрэг тэмцэхэд улсын төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буйд ямар ч хяналт тавихгүй байна” гэв. АН-аас УИХ дахь АН-ын бүлэгт хандан, албан бичиг хүргүүлж буй аж. Цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн аудит хийлгэхээр Үндэсний аудитын газарт хүсэлт гаргах, төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийж, хамтран ажиллах талаар уг албан бичигт дурджээ.
Хүчирхийллийн эсрэг давлагааг иргэд цахим сүлжээнд эхлүүлээд байна. Үүнд АН ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэв. М.Тулгат “УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй цагт хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Хууль дээдлэх зарчмыг АН баримталдаг. Гэхдээ УИХ-ын гишүүн, албан тушаалтан гээд хэнд ч хууль тэгш үйлчлэх ёстой. Гэм буруутай бол түүнийг нь тогтоох л ёстой. Хууль, шүүхийн байгууллагууд ямар нэг нөлөөнд авталгүй ажиллана гэдэгт найдаж байна. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг АН төрийн эрхийг барьж байсан үед буюу 2015 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд тусган, батлуулсан. Гэвч МАН парламентад үнэмлэхүй олонх болсон үед буюу 2017 онд Эрүүгийн хуулиас уг заалтыг хассан. Ингэснээр бэлгийн дарамт үзүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар л хариуцлага хүлээлгэдэг болсон. Иргэний нийгмийн байгууллагууд хууль, эрх зүйн ийм зохицуулалтыг засах чиглэлээр ажиллаж буй бөгөөд АН тэдэнтэй хамтарна” хэмээв. УИХ-ын гишүүн аливаа гэмт хэрэг үйлдсэн гэх гомдол, мэдээллийг цагдаа, шүүхийн байгууллагад иргэнээс хүргүүлсэн бол тухайн гишүүн нь бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түр түдгэлзээд, үнэн, худал, эсэхийг шалгуулдаг соёлд суралцах хэрэгтэйг Ч.Өнөрбаяр мэдээллийн төгсгөлд онцолж байв.