Засгийн газрын ээлжит хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээс олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны байдлаар зээл олгох явц 26.3 хувьтай байгаа бөгөөд нийт 34.2 мянган иргэн, аж ахуйн нэгжээс 4.3 их наяд төгрөгийн дүнтэй зээлийн хүсэлт ирүүлснээс 525.6 тэрбум төгрөгийг 7356 зээлдэгчид өгчээ.
Зээлдэгчдийн 1146 нь аж ахуйн нэгж, 6210 нь иргэн байна. Үлдсэн 1.8 их наяд төгрөгийн дүнтэй 12 049 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлт судалгаанд байгаа бол 7882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол аж ахуйн нэгжийнх 256.1 сая төгрөг байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1557 зээлдэгч 246 тэрбум, орон сууцын ипотекийн зээлд 2982 иргэн 222.1 тэрбум төгрөгийн зээл тус тус авчээ.
Бэлтгэсэн: А.Амина