Японы хамгийн өндөр хүчин чадалтай “Кашивазаки-Карива” атомын цахилгаан станцыг аюулгүй байдлын үйл ажиллагаанд тэр дундаа террористуудын дайралтаас хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ноцтой доголдол илэрсэнтэй холбогдуулан хаахаар болжээ. Ийм шийдвэрийг Японы Цөмийн энергийг хянах улсын хороо гаргасныг ТАСС мэдээлэв.
Тус станцын эзэмшигч “Tokyo Electric Power” компанид станцынх реакторт цөмийн түлшийг нийлүүлэх болон дүүргэхийг хоригложээ. “Кашивазаки-Карива” АЦС-д аюулгүй байдал зохих түвшинд хангалтгүй байгааг TEPCO компани өмнө нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тус станцад хяналтын тоног төхөөрөмжийн ажиллагаа доголдсон, дээд зэргээр сонор сэрэмжтэй байх журам дагаж мөрдөгдөх ёстой байруудад гадны хүн үзэгдсэн хэд хэдэн тохиолдлууд илэрчээ. Цөмийн материалуудыг зохих ёсоор нь хадгалах нөхцөл хангагдахгүй байна гэж Засгийн газрын шинжээчид мөн үзэж байгаа аж. Эдгээр дутагдлыг засаж шалгахад дор хаяж нэг жил шаардагдах аж. "Кашивазаки-Карива" АЦС нь Хоншю арлын Ниигата мужид Японы тэнгисийн эрэгт байрладаг бөгөөд долоон реакторын нийт хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг ажээ.