Халдвар аваад гэртээ хүндэрч байгаа тохиолдлыг хэрхэн зохицуулж байгаа болон бусад асуудлуудын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодрууллаа.
-Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадалгүй 20 настай залуу нас барсан тохиолдол гарсан уу. Халдвар аваад гэртээ хүндэрч байгаа тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ. Мөн гэртээ хүндрэх эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?
-Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх нь зохимжгүй байдаг. 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Гэхдээ PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан. Эерэг гарсан болгон коронавирусийн хүндрэлээр буюу уушгины хатгаа, цусны бүлэм үүсэж нас барсан гэсэн үг биш бөгөөд өөр бусад өвчний улмаас нас барсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Тухайн хүн нийтийн асрамжийн газар байрлаж байсан. Нийтийн байр, асрамжийн газарт байгаа хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна.
- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс дур мэдэн өөртөө эмчилгээ хийх тохиолдол гарч байгаа талаар мэдээллүүд байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст НЭМГ, дүүргийн, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж байнгын хяналт тавьж байгаа. Өрхийн эмчийн зөвлөсний дагуу л эмчилгээ хийх хэрэгтэй. PCR шинжилгээгээр онош батлагдсан ч шинж тэмдэггүй, эсвэл шинж тэмдэг бага илэрч байгаа хүмүүсийг гэрийн тусгаарлалтад үлдээхийг зөвлөж буй. Гэртээ үлдэхийг хүсэж байгаа хүний хувьд ам бүлийн тоо таваас дээш, мөн гэр бүлд нь 60-аас дээш настан, архаг суурь өвчтэй хүн байгаа бол эмнэлэгт тусгаарлагдах хэрэгтэй. Зарим өндөр настнуудын хувьд эрсдэлээ тооцоолоогүй гэртээ үлдээд дараа нь хүндрэл үүсэх, амь насанд нь ч эрсдэл үүсэж байгааг анхаарах шаардлагатай.
-Иргэдийн дунд 28 хоног хөл хорих байх гэсэн таамаглал гараад байна. Хэрвээ 28 хоног хоривол ямар үр дүнд хүрэх вэ?
-Энэ удаагийн хөл хориогоор өвчний нууц хугацаандаа байгаа хүмүүсээс халдвар илэрч байна. Нууц үедээ байсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байгаа гэсэн үг. Бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэр бүлийн хүрээний халдвар тарах боломжтой.
-Гэрээр хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?
-Нийт 3172 хүн гэрээр тусгаарлагдаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудтай өрхийн эмнэлгийн эмч нар холбоотой байгаа.
-Гэртээ харьж чадахгүй ажиллаж байгаа эмч нарын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Халдвар гарч эхэлсэн үеүдэд олон сараар гэртээ харихгүй байх тохиолдол байсан. Эмнэлгийн эмч ажилчид маань 14 хоног тусгаарлах байранд байдаг байсан. Одоогоор тусгаарлах байранд 7 хоног, гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна.
-Вакцин хийлгээд халдвар туссан хэдэн хүн байна вэ?
-Вакцин хийлгэсэн 2304 хүн өвчлөөд байна. Нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст илэрч байгаа юм. Вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараагаар халдвар авч нас барсан 3 тохиолдол бий. Эхний 21 хоногийн дотор буюу тухайн хүний бие бүрэн дархлаажаагүй байхад халдвар авч байна гэсэн үг.
-Хавдартай иргэдэд ямар вакцин хийх вэ?
-Файзер вакцины хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, нас барах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулаарай гэсэн чиглэлийг өгсөн. Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс 5 хүн нас барсан. Суурь архаг өвчин нь юу байсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй цаг алдсан уу гэдгийг тодорхойлж байна.