Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Засгийн газраас 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийсэн. Тодруулбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц, өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа. 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол гарсан. Мөн урт хугацааны үр дүнтэй хөл хорио тогтоож чадвал халдварын тоо, эндэгдлийг бууруулах бүрэн боломжтой" гэж хэллээ.