Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж буй. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж, эмч нарын хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Тархалтын тоо нэмэгдэх хэрээр биеийн байдал нь хүндэрч, нас барах хүний тоо хэд дахин нэмэгдэх аюултай.
Улсын хэмжээнд 25,600 орчим ор байгаа бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Энэ нь бүх төрлийн эмнэлгийн тусламж гэсэн үг. Коронавирусийн халдвар өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед бүх ор, бүх хүний нөөцийг зөвхөн халдварын тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй. Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус дэм.
Мөн халдвар авснаа мэдэхгүй байж байгаад гэртээ нас барах эрсдэл өндөр бий. Иймд халдварт өвчнөөс хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй" гэлээ.