Вакцины хоёр дахь тунг хэзээнээс тарьж эхлэх болон хоёр тун тариулж дархлаатай болсон хүн халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакцины эхний тунг хийж дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүс 8 долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунгаа хийлгэж эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 20-ноос Синофармын вакцины хоёр дахь тунг хийж эхлэх бөгөөд иргэд эхний тунгаа хийлгэсэн газартаа очиж дараагийн тунгаа хийлгэвэл тохиромжтой юм. Харин ажлаар хөдөө очсон үедээ, эсвэл хөдөөгөөс хотод ирээд эхний тунгаа хийлгэсэн бол байгууллагатайгаа ярилцаад одоо байгаа газартаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой. Мөн иргэд хоёр өөр төрлийн вакцин хийлгэж болох, эсэх талаар ихээхэн асууж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд хоёр өөр тун вакцин хийлгэж болно гэсэн батлагдсан судалгаа байхгүй" гэдгийг хэлэв.