БНСУ-ын “Ковид19-өөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах” хорооноос хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах болсноо өчигдөр мэдээлэв. Ингэснээр хараар оршин суудаг иргэд хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хамт урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах боломжтой болсон юм. Солонгосын Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийг ч мөн адил вакцинд хамруулах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.Тус улсын Хууль зүйн яамнаас "Коронавирусийн үзлэг, шинжилгээ, вакцинд хамрагдаж буй хууль бус оршин суугчдыг торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргахгүй" хэмээн мэдэгдлээ.