ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдлуудаас халдвар илэрчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
-409 дүгээр хаалттай хорих анги цар тахлын голомт болсон. Коронавирусийн халдварын эх уурхай хаанаас гарсан юм бэ?
-Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн. Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илрээгүй. Шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас PCR шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн. Анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн, давж заалдах гомдол гаргасан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй хоригдогчид 409 дүгээр хаалттай хорих ангийн хүлээлгэд хоригддог.
-Коронавирусийн нийт хэчнээн тохиолдол батлагдаад байгаа вэ?
-Халдвартай нь батлагдсан 70 хүн бий. Үүнээс 18 иргэнийг цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан. Үлдэх 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид тусгаарлан эмчилж байна.
-Цаашдаа шүүхээс ял сонссон хүмүүс эл ангид ирнэ. Тэдний аюулгүй байдлыг хангаж чадах уу?
-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлох шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос Цар тахал “Ковид-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.