Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаагаас тодрууллаа.
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хэдэн хүнээс халдвар илэрсэн бэ ?
-Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын эсрэг эхний тунгаа хийлгэсэн 532 хүнээс халдвар илэрсэн. Тэдгээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй гэж үзэж байгаа.
Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтох тул тэр хугацаанд маш сайн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна. Түүнчлэн вакцины эхний тунгаа хийлгэснийхээ дараа халдвар авсан дээрх 532 хүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүнд коронавирусийн эмчилгээ хийж, эмчилгээний явцад эсрэг биет үүсдэг. Иймд бүрэн эдгэрснээс 6-8 сарын дараа дахин шинээр вакцин хийх юм
-Вакцин тариулахдаа пср өгөхгүй асуумж асуугаад л хийж байгаа. Хэрэв халдвар авснаа мэдэхгүй, халдварын ямар нэгэн шинж тэмдэггүй нууц үедээ яваа хүнд вакцин тариулвал яах вэ? Тодорхой, дэлгэрэнгүй хариулж өгнө үү?
-Халдварын нууц үедээ байхдаа вакцин тариулсан хүн яах талаар ДЭМБ-аас гаргасан ямар нэгэн судалгаа одоогийн байдлаар байхгүй байна. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. Тиймээс л халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 323,690 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд буй бөгөөд вакцин хийлгэх иргэд урьдчилж коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэв.