Эмнэлэгт шаардлагагүй хэвтэн эмчлүүлэгсдийн тоог бууруулж, орыг зүй зохистой ашиглахад өдрийн эмчилгээ нэн чухал. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг болгосонтой холбоотойгоор өдрөөр үзүүлэх найман төрлийн эмчилгээ, үйлчилгээг иргэд улсын эмнэлгүүдээс үнэ төлбөргүй авч эхэлжээ. Тодруулбал, өдрийн эмийн эмчилгээний багцад нэг оношоор таваас доошгүй хоног үргэлжлэх тусламж, үйлчилгээ багтах бөгөөд эм, тариа, үзлэг, оношилгоо, шинжилгээ, сувилахуйн бүх зардалд даатгуулагч нэг ч төгрөг төлөхгүй. Мөн өндөр өртөгтэйгөөс бусад өдрөөр хийх боломжтой мэс заслуудын зардлын 50 хувийг, хорт хавдрын химийн бай болон туяа, гемодиализ, сэргээн засах, уламжлалтын эмчилгээний төлбөрийг даатгалаас бүрэн санхүүжүүлж байна. Тухайлбал, хавдрын өдрийн химийн бай эмчилгээний төлбөр 4-4.5 сая төгрөг бөгөөд тухайн иргэн уг эмчилгээг хийлгэх бүртээ даатгалаас 100 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Химийн болон туяа эмчилгээний нэг өдрийн өртөг ч ялгаагүй, даатгуулагч 350-450 мянган төгрөгийн зардлыг хувиасаа төлөхгүй болжээ. Бөөрний архаг дутагдалтай иргэдэд хамгийн их тулгамддаг гемодиализын өдрийн эмчилгээний зардлыг ч даатгалаас бүрэн санхүүжүүлж байна. Өдрийн эмчилгээ, үйлчилгээний даатгалаас санхүүжүүлэх өртгийг графикт үзүүлэв.