Манай улсад өчигдрийн байдлаар 300 366 иргэн вакцин хийлгэжээ. Энэ нь зорилтот бүлгийн буюу дархлаажуулахаар төлөвлөсөн 18-аас дээш настай иргэдийн 15.2 хувь аж. Эрүүл мэнд, боловсрол, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарынхан, хариу арга хэмжээний багийнхан буюу цагдаа, онцгой байдлын албаныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, 98-аас дээш хувь нь вакцин хийлгэсэн байна. Харин 50-иас дээш насныхан идэвхгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Хүн амын дунд коронавирус хурдацтай тархаж, эрсдэл нэмэгдсэн учир дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж албаныхан онцлох болсон. Гэтэл вакцины нөөц дуусаж, дархлаажуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж чадахгүйд хүрчээ.
Харин энэ сард хоёр сая гаруй тун вакцин авч, 1.1 сая иргэнийг дархлаажуулна гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэлэв. Өөрөөр хэлбэл, вакцины нийлүүлэлт тасалдахгүй хэвийн үргэлжилнэ гэлээ. Тэрбээр “Эрсдэл өндөр буюу 50-иас дээш настай иргэдийн 45 хувь нь одоогоор вакцин хийлгэсэн. Үлдсэн 55 хувьд хамрагдах иргэдийг нэн даруй дархлаажуулахаар ажиллаж байна. Иргэд харьяа дүүрэгтээ байрлах дархлаажуулалтын цэгт очиж вакцин хийлгэх юм. Өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдтэй утсаар холбогдон, вакцин хийлгэх талаар мэдээлэл өгч буй. Орон нутагт харьяалалтай ч Улаанбаатар хотод оршин сууж буй 50- иас дээш настай иргэд вакцин хийлгэх боломжтойг энэ ташрамд дурдъя. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 2200 орчим иргэн одоогоор вакцин хийлгэсэн” гэв. Вакцины нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг графикт үзүүллээ.