Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 26-ны 10 дугаар хурлын тэмдэглэлээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг хаасан билээ. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, эсвэл зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай)-ийг гуравдугаар сарын 28-ны 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлээс гаргахаар болсон.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Халдвар бүртгэгдээгүй бүс нутгаас ирэх тохиолдолд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор асуумж бөглөөд орно. Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирэх тохиолдолд 72 цагийн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ” гэв.