С.Эрдэнэ өөрийн зохион байгуулсан АН-ын даргын сунгааны цахим санал хураалт болон тус намд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр цахим санал хураалтын талаар “Бид даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 25-нд, намын их хурлаа тавдугаар сарын 2-нд хийхээр товлосон байсан. Нам дотор үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж гишүүдийн эв нэгдэл, харилцан ойлголцлыг ханган, нэгдэж оролцох боломжийг нөгөө талд олгох үүднээс даргын сунгаагаа товлосон хугацаанаас наашлуулж, энэ сарын 28-нд хийлээ. Нөгөө тал боломжоо ашигласангүй, дүрмийн бус сонгууль хийлээ. Бидний хувьд дүрмийн сонгууль явуулсан.
Энэ удаа бид анхны цахим сонгуулийг хийлээ. Цаасан сонгуулийн эрсдэл, цахим сонгуулийн ололтыг бодитоор мэдэрсэн. Цаасан сонгууль 1.4 тэрбум төгрөгийн зардалтай байсан бол бид 10 дахин бага зардлаар санал хураасан. Цаасаар санал хураасан талын нэр дэвшигчид маш их мөнгө тараасан. Бид ажлын хэсэг байгуулж тэдний сонгуульд хяналт тавьсан. Олон зөрчлийг баримтжууллаа. Тухайлбал, цар тахлын “улаан түвшин” зарлаж, хатуу хөл хорио тогтоосон аймгуудад урьдчилсан санал хураалт явуулсан нь дүрэм зөрчсөн. Хэнтий аймагт л гэхэд тэр өдөржин цасаар шуурсан. Хүн гэрээс гарах боломжгүй байхад 6000 хүн санал өгсөн гэсэн тоо гаргаж ирсэн нь бодит бус.
Налайхад 11.00 цагт саналын хайрцаг нь дүүрэн байсан, гадна нь үнэмлэх бичиж өгөөд санал өгүүлсэн гэх мэтээр намын нэр хүнд унагаж, дүрэм зөрчсөн явдал олон гарсан. Үүнийг нь баримтжуулсан. АН-ын нэр хүндэд харш, луйвар булхай хийсэн нөхдөд дүрмийн дагуу хариуцлага тооцно, холбогдох газарт нь асуудал тавина. Луйвар булхайгаас ангижиръя гэвэл цаасан сонгуулиас салах ёстой. Дэлхий нийтээрээ цахим санал хураалтад шилжиж байхад бид цаастайгаа ноцолдоод байх хэрэггүй.
Бидний хувьд цахим системд маань халдсанаас өөр саадгүй, санал хураалт амжилттай болсон. Ямар ч хэл ам гараагүй. Энэ сунгаагаар хууль ёсны АН-ын даргын сунгаанд М.Тулгат ялалт байгууллаа. Бид удахгүй ҮБХ-гоо хуралдуулж, намын их хуралдаа түүний нэрийг өргөн барина” гэв.
АН-д үүсээд буй хуваагдал, талцал, хоёр даргатай болсон ойлгомжгүй байдал, энэ хэвээр үргэлжилбэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байх эрсдэлийн тухайд “АН-д ямар ч хуваагдал байхгүй, үйл ажиллагаа хэвийн явж байна. Хууль ёсоор сонгогдож, Улсын дээд шүүхэд бүртгүүлж, АН-ын гэрчилгээн дээр бичигдсэн дарга бол би. Ц.Туваанд ийм үзүүлэх баримт байхгүй. Тиймээс Ц.Тувааны АН гэж байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэх тухайд ямар ч саад, эрх зүйн маргаан, зөрчил байхгүй. Нэр дэвшигчээ тодруулдгаараа тодруулаад явна. Дүрэмд зааснаар сунгаагаа явуулна. Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-нд нэр дэвшигчээ тодруулна” гэлээ.
Бэлтгэсэн: А.Амина