Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулаад яг хоёр сарыг үдэв. Түүнийг томилогдож байхад коронавируст халдварын шинэ тохиолдол нийслэлийн хэмжээнд өдөрт 20 хүрэхгүй байсан бол өчигдрийн байдлаар зөвхөн нийслэлд 400-г бүртгэлээ. Энэ өдөр улсын хэмжээнд 575 тохиолдол шинээр бүртгэсэн нь урьд байгаагүй өндөр тоо юм. Нийслэлээс гадна “ногоон бүс” гэгдэж байсан орон нутагт ч халдвар тархаж, 11 аймагт бүртгэгдээд байна. Харин дархлаажуулах ажил эхэлснээс хойш хамруулах шаардлагатай долоон хүн тутмын нэг нь эхний тунг тариулаад байгаа ч вакцин хийлгэсэн иргэн халдвар авсан тохиолдлууд бий.
Ийнхүү энэ Засгийн газрын үед халдварын тохиолдол хэдэн арав дахин нэмэгдсэн тул нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хааж, ирэх даваа гаргаас бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож болзошгүйг Ерөнхий сайд мэдэгдээд байна. Хөл хорио, хязгаарлалтыг гэнэт, урьдчилан мэдэгдэлгүй тогтоохгүй гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан. Тиймээс хөл хорио тогтоохын тулд батлагдсан тохиолдлын тоог зориуд нэмээд байна уу гэж эргэлзэх нэгэн ч гарав. Юутай ч мэдэгдэл нь биеллээ олбол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр сар гаруйн хугацаанд хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоох юм.
Шинэ Засгийн газрын тэргүүн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлж эхлээд буй. Өмнөх шиг зөвхөн хорьж, хязгаарлахыг илүүд үзэхгүй, эдийн засгаа элгээрээ хэвтэхээс өмнө сэргээх нь эл төлөвлөгөөний зорилго гэж хэлж болно. Магадгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээж, хөл хориог сулласан нь халдварын тархалт эрчтэй нэмэгдэх үндсэн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар байгууллагуудын үйл ажиллагааг зөвшөөрөх, халдвар, хамгааллын дэглэмээ баримталж буй, эсэхэд хэрхэн хяналт тавьж байгаа болон энэ явцад гарсан алдаа, дутагдал нь бас л жич ярих асуудал.
Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр өнгөрсөн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаж, хөл хорио тогтоохгүй байх саналтай буйгаа илэрхийлсэн удаатай. Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, хүнд цохилт болно” хэмээн тооцож буйгаа уламжилсан юм. Юутай ч “10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжиж, гурван хувийн хүүтэй зээл олгож эхлээд буй бөгөөд энэ сарын 24-ний байдлаар 75.3 тэрбум төгрөгийг 1208 зээлдэгчид олгосон байна.
Улмаар Монголбанк, арилжааны банк, Сангийн яам болон өөр бусад талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, зээл олголтыг чирэгдэлгүй, оновчтой, шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон билээ. Ингэхдээ тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбарт 4-5 удаа ирэхгүйгээр, үйлчилгээгээ цахим хэлбэрээр авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн анхааруулсан. Гэхдээ арилжааны банкууд бизнесийн зээлийг судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад энэ нь богино хугацаа шаардаж байгаа юм билээ. Мөн эл зээлийг олгохтой холбоотойгоор Сангийн яам Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулахаа мэдэгдсэн. Ингэхдээ зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд хүргэж, оролцогч талуудын уялдааг сайжруулан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх аж.