Эрүүл мэндийн сайд С.Энхболд шүлснээс коронавирусийн халдвар илрүүлэх Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурт “зөвшөөрөл өгсөн” гэж олон нийтийн сүлжээгээр хэнэггүй гэгч нь худал хэлэв.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт УОК-ын хэвлэлийн хурлын үеэр “Монгол эрдэмтдийн шүлснээс халдвар илрүүлэх оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан. Гуравдугаар сарын 25-нд ашиглалтад оруулах зөвшөөрөлд нь гарын үсэг зурсан. Үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон. Дараа долоо хоногоос танилцуулга болон нээлтийг хийнэ" гэж хэлсэн.
Олон нийт дээрх мэдээллийг “хамраа ухуулахгүй амар болох нь” хэмээн хүлээн авч баярласан. Гэтэл ачир дээрээ Эрүүл мэндийн сайд худлаа ярьж иргэдээ хуурав бололтой. Учир нь АШУҮИС-ийн захирал Г.Батбаатараас шүлснээс шинжилгээ авах оношлуур хэзээнээс ашиглалтад орох талаар тодруулахад “Туршилтын үр дүн гараад сар гаруй болж байна. Одоо хүртэл бидэнд зөвшөөрлийг нь өгөөгүй. Зөвшөөрлийг хурдан өгвөл бид ашиглалтад оруулахад бүх зүйл бэлэн” гэв.