Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дараах асуудлуудыг тодрууллаа.
-Вакцин хийлгэсэн хүмүүс жирэмслэлтээс хамгаалахаас өөр, эрүүл мэндийн шалтгааны улмаас дааврын эм ууж болох уу? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу. Эсвэл хоёр дахь тунг хийтэл дааврын төрлийн эм ууж болохгүй юу. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгнө үү?
-Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгийг зохион байгуулж байна. Эмчийн үзлэгт тухайн хүний биеийн байдал, тухайн хүнд ямар нэгэн архаг суурь өвчин болоод харшлын суурь байна уу, ямар нэгэн ууж хэрэглэж байгаа эм байна уу гэдгийг асууж, тодруулж байж вакцинд хамруулах заалтыг эмч шийдэж байгаа. Тиймээс эмчтэйгээ маш сайн зөвлөлдөж, ууж байгаа эм, өөрийн биед илэрч байгаа шинж тэмдгүүдээ үзлэгийн эмчдээ маш тодорхой хэлж байх шаардлагатай. Үүний үндсэн дээр та вакцинд хамрагдах, эсвэл түр хугацаагаар хойшлуулах, эсвэл вакцинаас татгалзах буюу вакцин хийлгэхгүй байх заалтуудад багтах хэрэгтэй. Магадгүй та аливаа хууч өвчин, ууж хэрэглэж байгаа эмийг нууснаасаа болоод вакцины дараах хариу урвал буюу богино хугацааны анафилаксийн шок илрэх аюултай байдаг учраас эдгээрийг эмчтэйгээ зөвлөлдөж шийдэх шаардлагатай.
-Шинжилгээний цаг олдохгүй, цэгт хүмүүсийн бөөгнөрөл үүсэж байна. Цэгийн тоог нэмэх боломжгүй юу?
-Шинжилгээний цэгийг нэмэх эсэх дээр шийдвэр гараагүй байна. Дүүрэг бүрд цэг ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадалд тааруулан шинжилгээ авна. Хавьтал болсон хүмүүсийн шилжилгээг хийж байгаа учраас лаборатори ачаалал ихтэй байгаа.
- Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авахгүй байна гэх иргэдийн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэхээр очихдоо ойрын хавьтал буюу гэр бүлийнхнээс нь шинжилгээ авч байгаа. Энэ үйл ажиллагааг 24 цагт багтааж хийхийг хичээдэг. Гэхдээ сүүлийн 7 хоногт халдварын тоо огцом нэмэгдсэнээс үүдэн хүндрэл гарч байна. Нэг иргэнээс халдвар илэрхэд гэр бүлийнх нь 3-4 хүнээс халдвар илэрч байна. Мөн гэр бүлийн хавьтлаас гадна албан байгууллагын хавьтлууд бий. Зарим байгууллага дээр 200 хүртэл хүнээс шинжилгээ авах шаардлага гарч байна.
Ер нь бол олон улсад хийгдсэн судалгаанаас харахад дам хавьтал болсон хүнээс халдвар илрэх нь 1.5 хувьтай, ойрын хавьтлуудын 20-40 хувь халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс халдварын тохиолдол нэмэгдсэн энэ үед ойрын хавьтлаас шинжилгээ авч ажиллаж байна" гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.