Манай улс энэ сарын 24-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн ачаа тээврийн онгоцоор коронавирусийн 25 740 тун вакцин оруулж ирлээ. Тус вакциныг АНУ-ын “Пфайзер”, “БиоНтех” компанийнхан генетикийн материал ашиглан гарган авсан бөгөөд “Ковид-19”-ийн эсрэг дархлаа тогтоох хувь хамгийн өндөртэйд тооцогдож буй юм. 25 740 тун вакциныг ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй авчирчээ. Манай улс өмнө нь БНХАУ, Энэтхэг зэрэг улсаас импортолсон 474 мянган тун вакцинаар зорилтот бүлгийнхнийг дархлаажуулаад дууссан.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Пфайзер” вакцинаар архаг, хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулна гэж мэдэгдээд байгаа. Хоёр тунгаар тарих тус вакциныг 12 870 хүн хийлгэх юм.
ЭМЯ-ныхан “Пфайзер”-ын вакцинаар ХДХВ/ДОХ-ын халдвартай 260, бөөр орлуулах эмчилгээ хийлгэж буй 690, эрхтэн шилжүүлэн суулгуулсан 1547, хавдартай 10 373 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Давтан тунг 21 хоногийн зайтай хийнэ” гэв. Засгийн газар ОХУ-ын “Спутник V” вакцинаас ирэх сарын эхээр 300 мянган тунг оруулж ирэх гэрээ байгуулаад буй. Мөн БНХАУ-ын “Синофарм”-аас 900 000, “АстраЗенека”-гаас 300 000 тун вакцин худалдан авах хэлэлцээ тус тус хийжээ.
Ташрамд дурдахад, “Пфайзер”-ын вакцин хадгалалтын нарийн горим шаардаж буй учраас үйлдвэрлэгч компанийн тусгай хайрцагтай тээвэрлэж авчирчээ. Тус вакциныг удаан хугацаагаар хадгалах бол -70, дархлаажуулалтад ашиглахдаа -2-8 градусын энгийн хөргүүрт тав хоног нөөцлөх боломжтой. Хадгалалт, хамгаалалтын нарийн дэглэм шаардаж буй учраас дээрх 25 740 тун вакциныг ХӨСҮТ-ийн төв агуулах руу тээвэрлэн, гүн хөлдөөгчид шилжүүлэх явцыг МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хянаж, шалгажээ. Ингэх явцад хадгалах, тээвэрлэх горим зөрчөөгүйг албаныхан мэдээлэв.