“Алсын хараа 2050” болон “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд зарим яамд чиг үүргийн шинжилгээ хийж, баталсан төсөв, орон тоонд тохируулан бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн яам нь иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 89 төрлийн ажил үйлчилгээнээс 32 үйлчилгээг цахимжуулжээ. Тус яам уг цахим шилжилттэй холбогдуулан зарим газар хэлтсийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинээр батлах, өөрчлөх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулжээ. Гэхдээ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд албан хаагчдыг шилжүүлж, халж солиогүй байна. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар тус яамны 11 албан тушаалын тодорхойлолтод хуульд заасан батлах зөвшөөрөл олгож, таван албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.