Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан болон ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр нараас манай сайт дараах асуултуудад хариулт авлаа.
-Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн вакцинжуулалтын паспортыг хэрхэн олгох вэ?. Хилээр нэвтрэхэд заавал англи хэл дээр байх ёстой гэсэн шаардлага байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү
Л.Энхсайхан: Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн паспорт олгох талаар бид судалж байна. Одоогоор E-mongolia цахим мэдээллийн хуудас дээр вакцин хийлгэсэн талаарх мэдээллээ англи болон монгол хэлээр харах боломжтой. Үүнийг сайжруулж англи мэдээллийг нэмж, тодорхой болгох тал дээр ажиллаж байна.
-Вакцины эхний тун хийлгэсэн эмэгтэйчүүд дааврын эм ууж болох уу ? Хэрэв дааврын эм ууж байгаад хоёр дахь тунг хийлгэвэл ямар нэгэн өөрчлөлт биед гарах уу?
Л.Энхсайхан: Хэрвээ тухайн эмэгтэй жирэмслэхээр төлөвлөж байгаа бол вакцин хийлгэхгүй байх хэрэгтэй. Учир нь жирэмсний эхний гурван сард вакцины нөлөөг судалсан судалгаа одоогоор байхгүй байгаа тул аль болох болгоомжтой хандахыг зөвлөж байгаа. Жирэмсний эхний гурван сард аль ч вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ тухайн хүн ойрын гурван сард жирэмслэхээ хойшлуулбал вакцин хийлгэх нь илүү зөв сонголт болох юм. Сүүлийн үед дэлхийн олон эрдэмтэд жирэмсэн болон хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх эсэхийг судалж байна. Судалгааны дэлгэрэнгүй мэдээлэл гарвал үр дүнгийн талаарх мэдээллийг хүргэх болно.
- Вакцины хоёр дахь тунг эхний хийлгэж байсан вакцинаасаа өөрийг хийлгэж болох уу?
Л.Энхсайхан: ДЭМБ-аас "АстраЗенека" вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгохыг зөвлөж буй. Ингэснээр дархлаа тогтоох чадвар нь илүү байгаа юм. Бусад вакцины тухайд 3-4 долоо хоногийн дараа хийнэ. Эрдэмтэн судлаачид хоёр өөр үйлдвэрийн тунг хийлгэвэл дархлаа хэрхэн тогтох талаар судалгаа шинжилгээ хийж байна. Одоогоор эмнэл зүйн судалгаа нь дуусаагүй байна. Мөн вакцин хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа тогтох учир халдвараас хамгаалах дэглэмээ барьсаар байхыг иргэддээ анхааруулж байна. Дэлхий дээр вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүс зэрэгцэн амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ байнга баримтлах хэрэгтэй.
-Сүүлийн өдрүүдэд аймаг орон нутагт халдварын тоо ихээхэн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар хэдэн аймагт пср шинжилгээ хийж байгаа вэ?
Ж.Байгалмаа: Одоогийн байдлаар орон нутагт нийт арван газар пср шинжилгээг хийж байна. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Замын-Үүд сум, Ховд, Архангай, Увс, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудад коронавирусийн шинжилгээг хийж байна.
-Өчигдрийн байдлаар 1124 хүүхэд халдвар авчээ. Тухайн хүүхдийн шүлснээс шинжилгээ авсан уу, эсвэл хамрын хөндийгөөс нь шинжилгээ авсан уу? Ялангуяа нярай хүүхдүүдээс хэрхэн шинжилгээ авдаг вэ ?
Ж.Байгалмаа: Монгол Улсад шүлснээс сорьц авдаг шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Нярайгаас коронавирусийн шинжилгээ авахдаа нярай хүүхдэд зориулсан уян бамбараар амны хөндий болон хоолойноос сорьц авдаг. Өөрөөр хэлбэл, нярайгаас коронавирусийн шинжилгээ авахдаа хамраас нь сорьц авдаггүй.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Монгол эрдэмтэд коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний сорьцыг шүлснээс авах оношлуур бүтээж буй бөгөөд удахгүй ашиглаж эхлэх шийдвэр нь гарсан. Гэхдээ одоогоор уг оношлуураар хараахан шинжилж эхлээгүй байна. Удахгүй шүлсээр шинжилгээ авна.
- Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгт коронавирусийн шинэ голомт үүссэн. Энэ шинэ голомтод одоогоор хэдэн хүнээс халдвар илэрсэн бэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Тус цэцэрлэгт гуравдугаар сарын 12-нд халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сары 21-ний байдлаар гурван ажилтан, тэдний ойрын хавьтал таван хүн нийт найман хүнээс халдвар илрээд байна.