Коронавирус хүн амын дунд дэгдсэнээс хойш эмнэлгийн бусад төрлийн тусламж, үйлчилгээ доголдон, зарим эм, тарианы нийлүүлэлт тасарсан тохиолдол бий. Тэр дундаа эмнэлэгт байнга хэвтдэг архаг, хууч эмгэгтэй иргэд, 10 сарын турш эмчийн хяналтад байдаг жирэмсэн эмэгтэйчүүдэд цар тахал хүнд тусаж буйг хэлж байна. Тодруулбал, тулгар биетэй эхчүүд жирэмсний хяналтын үзлэг, шинжилгээнд заасан хугацаандаа хамрагдаж чадахгүйгээс багагүй хүндрэл үүсжээ. Эмч нар тэднийг эрсдэлтэй бүлэг, дархлаа суларсан гэх шалтгаанаар эмнэлэгт ирэхийг нь хоригложээ. Тэгсэн хэрнээ үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаагүй тул торгоно, хяналтад авахгүй гэх мэтээр чирэгдүүлсэн тохиолдол нийтлэг гарч байгаа аж.
Улсын хэмжээнд жилд дунджаар 70-80 мянган эмэгтэй амарждагаас нийслэлд 40 орчим мянга нь нярайлдаг гэсэн судалгаа бий. Жирэмсэн эмэгтэй ураг тээх хугацаандаа найман удаа эмчийн үзлэг хийлгэх журамтай. Гэвч цар тахлын үед олонх нь дунджаар 4-5 удаа л эмчид хандаж байгаа аж. Бие давхар эмэгтэйчүүд жирэмсний хяналтад эрт хамрагдсанаар суурь эмгэг, халдварт өвчнөө цаг алдалгүй эмчлүүлж, эрүүл ураг тээх боломжтойг эмч нар зөвлөдөг. Гэвч коронавирусийн улмаас жирэмсний эхний гурван сартайдаа хяналтад хамрагдсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс цөөрснийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын судалгаанд дурджээ. Тэр дундаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэгт амаржихаас өмнө хяналтад ороогүй эмэгтэйчүүдийн тоо нийслэлийн дунджаас өндөр байна. Эдгээр зөрчил, дутагдал нь эх, хүүхдийн эндэгдэл нэмэгдэх бас нэг шалтгаан болдог аж.
Үүнээс гадна нийслэл бүхэлдээ халдварын голомт болсонтой холбоотойгоор төрөх эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйчүүдээс PCR шинжилгээ шаардах болсон. Харамсалтай нь, нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт ийм шинжилгээ хийх боломжгүй. Тиймээс тулгар эхчүүд жирэмсний 36 долоо хоногтойгоос эхлэн гэрийнхээ ойр байрлах цэгүүдэд 3-5 хоног тутамд PCR шинжилгээ өгөх гэж дугаарлах болсон аж. Цэгүүдийнх нь цаг олдохгүй, арайхийн шинжилгээ өгсөн ч хариу нь багадаа хоёр хоногийн дараа гарч байгаа гэнэ. Эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөхөөс өмнө 3-5 хоногийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж буй учир тэд хариугаа авчихаад маргааш нь дахиад л цаг захиалдаг болжээ. Дутуу төрөх магадлалтай, суурь эмгэгтэй эхчүүд хэзээ амаржихаа мэдэхгүй тул 72 цаг болоод л шинжилгээнд хамрагдаж байгаагаа ярьж байна. Эмч нарын хэлснээр, жирэмсэн эмэгтэй халдварт өртөх өндөр эрсдэлтэй байхад тулгар эхчүүдийг ийнхүү гурван хоног тутамд шинжилгээний цэгүүдээр эргэлдүүлж буйдаа салбарын сайд, дарга нар огтхон ч эмзэглэхгүй байгаа нь хачирхалтай. Сард дунджаар нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт 6000 гаруй эмэгтэй амарждаг. Тэгвэл цар тахалтай энэ хэцүү цаг үед тэднийг ингэж эрсдэлд оруулахгүйгээр, эмнэлэг бүр түргэвчилсэн тестээр шинжлээд, сэжигтэй шинж тэмдэгтэйнх нь сорьцыг PCR шинжилгээний лаборатори луу илгээх байдлаар асуудлыг шийдэж болмоор санагдана. Эсвэл амаржих газруудыг ийм шинжилгээ хийлгэх боломж, нөхцөлөөр нь хангах хэрэгтэй бус уу.