Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг цар тахлын үед дуудаж, олноор нь ажиллуулжээ. Улмаар тус цэцэрлэгт коронавирусийн халдвар гарч, голомт болсон гэдгийг эх сурвалж хэллээ. Өдгөө 246 дугаар цэцэрлэгийн хэд хэдэн багш, ажилтан гэр бүлээрээ халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ. Гэвч уг мэдээллийг ихэд нууцалж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтэс, 246 дугаар цэцэрлэгийн удирдлага чиглэл өгсний дагуу багш нар танхимаар ажиллаж, гарын авлага, тараах материал бэлтгэж, хэвлэсэн гэнэ. Тиймээс тус Боловсролын хэлтсийн дарга Оюунсүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-246 дугаар цэцэрлэгт коронавирусийн голомт үүсжээ. Шалтгааныг нь өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн журам зөрчиж, олноор ажиллуулснаас болсон гэх юм.
-Улсын онцгой комиссоос төрийн албан хаагчдын 30-50 хүртэл хувийг ажиллуулах зөвшөөрөл өгч буй. Үүний хүрээнд цэцэрлэг сургуулиуд өөрсдөө дотоод зохион байгуулалтаа хийж ажилласан байх. Түүнээс биш “Заавал ир, 100 хувь ажилла” гэсэн чиглэл өгөөгүй.
-Гэхдээ л олноороо ажиллаад бүр шинэ голомт үүсчихлээ шүү дээ. Цар тахлын үед ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцоод хяналт тавих үүрэг та бүхэнд байгаа шүү дээ?
-Алсын зайнаас цахимаар ажиллах, цугласан тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ барих, QR код уншуулах, цэцэрлэгт гадна, дотнын хүн нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн.
-Одоогоор эмнэлэгт хэчнээн хүн эмчлүүлж байгаа юм бэ?
-Гурван гэр бүл эмнэлэгт хэвтэж буй. Тус цэцэрлэгийн эрхлэгчээс тухайн хүмүүсийн эрүүл мэнд ямар байгааг өдөр бүр утастаж асууж байгаа. Багш, ажилтнуудыг эрүүл мэндийн нөхцөл байдал хэвийн байгаа гэсэн. 246 дугаар цэцэрлэгийн бусад багш, ажилтнуудыг коронавирусийн PCR шинжилгээнд хамруулсан. Бүх хариу сөрөг гарсан.