Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хиймэл эрхтэн, тусгай хэрэгслийг үйлдвэрлэдэг “Эрхэм чанар”-т улсаас 1.5 тэрбум төгрөгийн татаас олгох болжээ. Тус протез, ортопедын үйлдвэрийг А.Оюунцэцэг гэх хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй 2007 онд банкнаас 100 сая төгрөгийн зээл авч, үүсгэн байгуулсан аж. Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийнхэн 3000 орчим хиймэл гар, хөл зах зээлд нийлүүлсэн байна. Гэвч ашиггүй ажилласан гэх шалтгаанаар өрөө төлж чадалгүй, үндсэн зээл, банкны хүүнд 1.5 тэрбум төгрөг төлөх болчихож. Тиймээс жилд 1500 орчим хиймэл гар, хөл, 500 гаруй нүд, гажиг засах гутал, 120 000 ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийнхнийг төрөөс харж үзэн, үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүднээс өрийг нь барагдуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргажээ. Тодруулбал, 2020 оны зургадугаар сард Засгийн газар “Эрхэм чанар” протезын үйлдвэрийг дэмжих төлөвлөгөөтэй танилцан, 1.5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг нь татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган, шийдвэрлэхийг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан байна. Тэгвэл үүнд шаардлагатай 1 552 401 600 төгрөгийг энэ оны төсөвт суулган, ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дансанд шилжүүлжээ. “Эрхэм чанар” үйлдвэрийнхэн өнгөрсөн хугацаанд өрөө төлж чадахгүй, татан буугдахдаа тулсан талаараа суулт хүртэл зарлаж, төрөөс дэмжлэг хүсэж байжээ. Хэдийгээр Засгийн газраас дээрх асуудлыг шийдсэн ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн таатай хүлээж авахгүй байгаа аж. Учир нь бизнесийн байгууллага мөртлөө ашиг олсонгүй гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах их хэмжээний мөнгийг улсаас зүгээр авч болохгүй гэж тэд үзэж байна.