Вакцин хийлгээд хөл, гар нь саажсан, хүн нас барсан гэх мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өчигдөр няцаав. Өдгөө дэлхийн 161 улсад 392 609 534 хүнийг коронавирусийн вакцинд хамруулсан бөгөөд тэдний нэгэнд нь ч дээрх хариу урвал илрээгүй, нас барсан тохиолдол гараагүй гэнэ. Манай улсад өчигдрийн байдлаар дархлаажуулалтын цэгүүдээр 209 278 хүнд вакцин хийжээ. Үүнээс 205 844 нь нийслэлд, 3434 нь Өмнөговь аймагт дархлаажуулалтад хамрагдсаныг албаныхан хэлсэн. Тэдний 40 хувьд нь толгой өвдөх, бие зарайх, халуурах зэрэг энгийн урвал илэрсэн байна. Харин вакцин хийлгээд хөл, гар нь саажсан гэх хүний өвчний шалтгааныг тогтоохоор эмч нар тандалт, судалгаа хийж буй аж.
Энэ долоо хоногт 50-64 насныхныг вакцинд хамруулахаар төлөвлөснийг ЭМЯ-ныхан мэдээлсэн. “АстраЗенека”-гийн 164 000 мянган тун вакцинаар 82 мянган хүнийг дархлаажуулаад дуусжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүнд хоёр тунг хийх учраас талыг нь нөөцөлсөн гэсэн үг. Тус вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийнэ гэж байсан ч эл хугацааг сунган, 56 болгоод буй. Учир нь вакцины давтан тунг хийх хугацааг хойшлуулснаар дархлаа тогтох хувь 80-90 хувь болж өндөрссөнийг ДЭМБ мэдээлж, улс орнуудад зөвлөсөн юм. Тиймээс манай улс ч уг зөвлөмжийн дагуу вакцины давтан тунг хийх хугацаандаа өөрчлөлт оруулжээ. “АстраЗенека”-гийн вакцин дууссан учраас өдгөө БНХАУ-ын “Синофарм” компанийнхаар 50- 64 насныхныг дархлаажуулах аж. Манай улс одоогоор БНХАУ, Энэтхэг, ОХУ-аас 474 мянган тун вакцин оруулж ирэн, эхний ээлжид 237 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс 209 мянгыг нь вакцинд хамруулж, нөөцөд 28 000 хүнийг дархлаажуулах тун үлдсэнийг албаныхан хэлэв. Энэ долоо хоногт “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфайзер”-ын вакцинаас 25 мянган хүн/тунг оруулж ирэх бөгөөд үүнийг 65- аас дээш насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд хийх аж. Мөн хөрш орнуудаас вакцин нэмж худалдан авах гэрээ ч байгуулсан гэнэ. Энэтхэгээс мөн вакцин нийлүүлэхээр хэлцэл хийж байгаа аж. Эхний ээлжид буюу ирэх сард гэхэд 1.3 сая хүн/тун вакцин оруулж ирэх аж.