Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ больсон. Тиймээс дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж эхэлсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн XXIII хороонд байрладаг Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэн, энэ сарын 19-нөөс эхлэн “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг хэвтүүлж эхэлжээ. Энэ талаар тодруулахаар өчигдөр тус эмнэлэгт очиход гадна талд нь цагдаагийн хамгаалалт гаргаж, эмнэлгийн барилгыг тойруулж тууз татан, хүн орохыг хориглосон байв.
Хүүхдийн эмнэлэг нь 140 ортой, 0-16 настнуудыг хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн үзлэг, эмчилгээ хийдэг аж. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлан, эмчлэх ажлын хүрээнд тус эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнүүдийг дүүргийн Ахмадын эмнэлэг рүү шилжүүлсэн гэнэ. Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Манайх 100 ор гаргаж, өвчтөн хүлээн авахаар болсон. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар хоёр ор л хоосон байна. Бусдад нь иргэдийг хэвтүүлсэн. Халдварт өвчний судлал, эмчилгээгээр мэргэшсэн 14 эмч, мэргэжилтэн голомтод иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж буй. Бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс утсаар, зайнаас мэдээлэл авч байгаа. Эмч, ажилтнууд 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдана. 98 өвчтөний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. 100-гаас илүү хүн хэвтүүлэх боломж одоогоор алга. Цаашид коронавирусийн халдвар ихэсвэл нэмж ор дэлгэх, эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй нь” хэмээв.
Өчигдрийн байдлаар Баянголоос гадна Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байлаа.