-Эс бөгөөс ирэх сарын 5-19-нд гамшгаас хамгаалах эрсдэлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүй гэв-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалт хариуцсан ажлын хэсгийнхэнтэй шинэ долоо хоногийн өглөөний уулзалтаа хийв. Вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэндийн, Гадаад харилцааны болон Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцлоо. Вакцин худалдан авах саналаа хөрш орнуудад хүргүүлж, гэрээг нь хийж буй бөгөөд БНЭУ-аас “АстраЗенека”-г оруулж ирэхээр хэлцэл хийж байгааг мэдээлэв. Үүнд санхүүжилтийн саатал гарахгүйг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Эхний ээлжид ирэх сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Коронавирусийн тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хэлсэн.
Харин гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлт гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, сайд С.Энхболдоос эсрэг саналтай буйгаа уламжлав. Тухайлбал, гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн байна. Түүнчлэн энэ сарын 3-наас олгосон, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан, хоёр их наяд төгрөгөөс 173 зээлдэгчид 130.3 тэрбум төгрөг олгожээ. Мөн 1177 иргэн ипотекийн зээл авсан байна. Энэ нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл болохыг Сангийн сайд тодотгоод, “Зах зээлийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй эл өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, хүнд цохилт болно” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг сонссоны дараа “Эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийн эсрэг цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамаарал ажиглагдаж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагаас гаргасан дүрэм, журмаа сайтар мөрдөж, хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс ирэх сарын 5-19- нд гамшгаас хамгаалах эрсдэлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байна. Ерөнхий сайдын зүгээс бодит байдлыг иргэдээс нуух шаардлагагүй. Бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг хамтдаа даван туулах, хөл хорио тогтоохоос 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөгөө гаргах боломж олгох хэрэгтэй” гээд иргэн, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хичээж ажиллахыг уриалав.