Дэлхий нийтээр энэ өдрийг (Гуравдугаар сарын 21) Дауны өдөр болгон тэмдэглэж, Дауны хам шинжийн талаар иргэдэд мэдээлэл өгдөг. Монгол дахь ЖАЙКА олон улсын байгууллагаас өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголын Дауны холбоотой хамтран онлайн сургалт зохион байгуулж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг тусгасан гарын авлага гаргажээ. Монголд 700 хүүхэд тутмын нэг нь даунтай гэсэн судалгаа байдаг ба тэр хүүхдүүд хаана байгаа, хэрхэн ажиллаж амьдарч байгаа вэ? Нийгмийн амьдралд тэр бүр оролцож чадалгүй гэртээ байсаар насыг барах нь ч цөөнгүй болов уу. Монголын Дауны холбоо нь Даунтай хүмүүсийн амьдрахад таатай нийгмийг бүрдүүлэх зорилгоор 13 жилийн өмнө байгуулагдсан ба тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг үйл ажиллагааныхаа тулгын гурван чулуу гэж үздэг. Энэ удаагийн онлайн сургалт, гарын авлага нь Даунтай хүн болон тэдний гэр бүлд Дауны хам шинжийн тухай дэлгэрэнгүй мэдлэг мэдээлэл олгохоос гадна багш, эмч, нийгмийн халамж хамгаалал, сэтгэл судлал, сэргээн засал, холбогдох хууль тогтоомжийн танилцуулга зэргийг багтаасан мэргэжлийн, ойлгоход хялбар агуулгатай тул цаашид олон хүнд хүрч, үр дүнтэй ашиглагдана гэдэгт ЖАЙКА найдаж байгаа аж.