ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэн коронавируст халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "18 лабораторид 9520 хүнээс шинжилгээ авахад 170 хүнээс коронавирус илэрлээ. Тэдгээр иргэн бүгд ойрын хавьтлаасаа өвчин авсан. Өвчлөгчдийн 168 нь нийслэлийн, хоёр нь Төв аймгийн иргэн. 10 иргэний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна" гэв. Халдвар хаанаас авснаа мэдэхгүй байгаа иргэд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 18, 25, 34, 39 дүгээр хорооных аж. Коронавирусийн халдварын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч буй. Тиймээс халуурахгүй, ямар нэг эмгэг шинж илэрхгүй гэнэ. Үүнээс шалтгаалан зайлшгүй шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хоорондын зай барьж, дэглэмээ сайн барихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3477 боллоо. Өнөөдрийн байдлаар 1365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд гурван хүн байна.