"Энхсаран" сувилалд 2020 оны аравдугаар сард коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж УОК-оос Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Мөрдөн байцаах албанаас уг хэргийг шалгаж эхэлжээ. Улмаар уг хэрэгтэй холбогдуулж 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн гэнэ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад "Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж, ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын Шуурхай штабын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувилалын удирдлага, эмч нийт зургаан хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт таван иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн Энхсаран сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн нь үнэн" хэмээлээ.