Короанвирусийн халдварын тархалт эрчимжиж, гуравдугаар сарын 12-ноос хойш өдөр бүр 100-аас дээш хүн өвчилж буй. Улмаар сүүлийн найм хоногт 1 097 хүн шинээр коронавирусийн халдвар аваад байна. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл гуравдугаар сарын сүүлчээр "Ковид-19"-ийн халдварын тоо улам өснө хэмээн таамаглал гаргажээ. Тодруулбал, өдөрт гарах халдварын тоо 200-аас дээш байна хэмээж, хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Халдварын тархалт ийнхүү эрчимтэй байгаа тул хөл хорио тогтоохоос өөр аргагүй хэмээн эрдэмтэд үзэж буй. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эд өрнөж, дархлаажуулалтад хамруулсан иргэний тоо өнөөдрийн байдлаар 171 535 хүрсэн бөгөөд тавдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн билээ. Одоогийн гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24 000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15 000 болгон 37 хувь бууруулах боломжтой гэж тооцсон байна.
Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, албан байгууллагуудад ажлын тав, амралтын дөрөв хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг хэмээн эрдэмтэд үзэж байна.