БЗД-ийн 26-р хороонд гуравдугаар сарын 17, 18-нд 11600 өрхийн 17550 иргэнээс шинжилгээ авахад 16000 гаруй иргэний хариу гарсан талаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх мэдээллээ. Тэрбээр, "Одоогийн байдлаар тус хорооны 28 хүнээс халдвар илэрсэн. Ойрын болон дам хавьтлын тоо нэлээн өндөр гарсан ба 22-ныг хүртэлх хугацаанд шинжилгээг авч, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийнэ.
Иргэд яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бид ЭМЯ-наас өгсөн чиг үүргийн дагуу явж байна. Үүнд иргэд ч хариуцлагатай хандах хэрэгтэй. Тус хорооны иргэдээс шинжилгээг авсны дараа вакцин хийх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна. Хөл хориог 22-ныг хүртэл үргэлжлүүлэх учир иргэд та бүхэн идэвхтэй, хүлээцтэй хандана уу. 17 мянган иргэнээс шинжилгээг авна гэдэг амаргүй ажил. Мөн 28 иргэн халдвартай гэдэг ч их тоо. Үлдсэн 2000 иргэний сорьцыг шинжлэх ажил үргэлжилж байна" гэлээ.