Короновирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг паспортжуулах ажлыг дэлхийн олон орон эхлүүлээд буй. Ийн паспорттой болсноор улс хооронд зорчих болон үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд халдвар тархах эрсдлийг бууруулна хэмээн үзэж буй. Манай улс иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст цахим паспорт олгохоор болсон. Иргэд эл цахим паспортыг ашиглан бусад орон руу зорчиж болох, эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь тухайн паспорт монгол хэлээр бичигдсэн бөгөөд иргэд өөр улс руу зорчихдоо англи хэлээр орчуулах шаардлагатай гэсэн үг. Бид энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “e.mongolia.mn хуудсаар дамжуулан короновирусийн вакцинжуулалтад хамрагдсаныг батлах цахим үнэмлэх авч болно. Мөн цаасан хэлбэрээр хэвлэн авах боломжтой. Харин тухайн паспортыг англи хэлээр олгох, эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэв.
Төрийн байгууллагынхныг ийнхүү мунгинах зуур хувийн эмнэлгийнхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн паспортыг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд олгож эхэлжээ. Тодруулбал, “Интермед” эмнэлгийн аж ахуйн нэгж, байгууллагаас захиалга авч, ажилчдыг нь вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд англи хэлээр бичигдсэн паспорт олгож эхэлсэн байна. Энэ талаар “Интермед” эмнэлгийнхнээс тодруулахад “Одоогоор сайн дураараа вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж эхлээгүй. Зөвхөн захиалга өгсөн аж ахуйн нэгжийн ажилчдыг хамруулж буй. Ингэхдээ олон улсад хэрэглэдэг вакцинжуулалтын бүртгэлийн дэвтрийг ашиглаж байгаа. Эл дэвтэр нь англи хэлээр бичигдсэн учир олон улсад зорчиход ямар нэгэн хүндрэл учруулахгүй” гэв.