Халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт 10 хоног эмчлээд, шинжилгээ авалгүй эмнэлгээс гаргаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Халдвар авсан хүнд шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоног, дээд тал нь 14 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог. Тухайн хүнээс шинжилгээ авахад 40-50 хоног, цаад тал нь хоёр сарын хугацаанд эерэг гарч болно. Хэдийгээр эерэг гарсан ч халдвартай гэсэн үг биш. ДЭМБ-ийн хийсэн судалгаануудын үр дүнг үндэслээд өвчлөл нэмэгдэж байгаа, орны ачаалал үүсэж болзошгүйг үндэслээд 10 хоногийн дараа эмнэлгээс гаргаж байгаа. Халдвар тараах эрсдэлгүй учраас эмнэлгээс гарахад нь шинжилгээ авах шаардлагагүй" гэв.