Улсын онцгой комисс (УОК), ЭМЯ-ныхан ээлжит гэнэтийн шийдвэрээ гаргаж, иргэдэд “бэлэг” барилаа. Цар тахалтай тэмцсэн өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд олон нийтийг барьц алдуулсан өчнөөн оновчгүй арга хэмжээнүүдээс энэ сарын 16-17-нд шилжих шөнө гаргасан шийдвэр хамгийн арга ядсан нь байсныг иргэд шүүмжлэв. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан 16-ны үдэш ЭМЯ-нд ажиллан, УОК-оос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалгах нэрийдлээр 22.00-23.00 цагт хэд хэдэн гэнэтийн шийдвэр гаргасныг иргэд өчигдөр өглөө мэдэв. Хүн амын дунд дэгдсэн халдварын тоо өдөрт 100-гаас буурахгүй, ирэх долоо хоногт эл тоо 400-1000 болж өсөх хандлагатайг ЭМЯ-ныхан Шадар сайдад танилцуулсан юм билээ. Тиймээс халдварын эрсдэл өндөртэй гэх Баянзүрхийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоохоор болсон аж. Дээрх шийдвэрийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд өчигдрийн 06.00-гаас 21-ний 23.00 цаг хүртэл мөрдөх болов. Харин Хан-Уулын 15 дугаар хороонд тогтоох хөл хориог түр хойшлуулжээ.
Чухам яагаад Баянзүрхийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм гэнэт тогтоох болсон талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх өчигдөр 00.40 цагт мэдээлэхдээ “Дүүргийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн заавар, зөвлөмжийн дагуу тус хороонд бүх нийтийн хөл хорио тогтоолоо. Уг хороо нь 31 000 иргэн, 11 800 өрхтэй. Өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд болон хэсэгчлэн хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон. Иргэдэд мэдээллийг урьдчилан өгөхөд зарим нь хаягаа шилжүүлэх, эсвэл гэрээсээ өөр айлд байрлах, зусландаа очих зэргээр зугтчихдаг байсан. Тиймээс энэ удаад хөл хорио тогтоох шийдвэрийг тулгаж танилцууллаа. Хязгаарлалт тогтоосон тав хоногт 26 дугаар хорооны иргэд (18-аас дээш насны)-ийг шинжилгээнд хамруулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, 50-65 насныхныг коронавирусийн вакцинд хамруулна” гэсэн юм.
Уг мэдэгдлийн дараа тус хорооны удирдлага нийгмийн сүлжээнд “Хөл хорио тогтоох тухай ядаж бидэнд мэдэгдсэнгүй” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Харин маргааш өглөө нь буюу өчигдөр хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Түвшин гэх хүнийг оронд нь томилсныг оршин суугчид дээрх шийдвэртэй танилцах үеэрээ мэджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт энэ сарын 16-нд коронавирусийн 63 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчилсөн хүний тоо 1241 болжээ. Гэвч үүнээс хэд нь 26 дугаар хороонд бүртгэгдсэн, яагаад хөл хорио тогтоосныг шинээр томилогдсон Засаг дарга нь мэдэхгүй байгаа аж. Тиймээс оршин суугчид урьдчилан мэдэгдэлгүй тогтоосон хөл хорионы дэглэмийг эсэргүүцэхийн зэрэгцээ “Хорооны даргаа авч үлдье”, “Сонгох эрхээ эдэлмээр байна” гэхчлэн уриа лоозон барин өчигдөр тайван жагсаал зохион байгуулав. Тэдний хэлж буйгаар коронавирусээр далимдуулан хорооны иргэдийн 100 хувийн саналаар сонгогдсон Г.Отгонбаатарыг шалтгаангүйгээр ажлаас нь халсныг нуун дарагдуулах гэж, үймээн самуун гарахаас сэргийлэн хөл хорио тогтоосон гэв. Мөн нийслэлийн хэмжээнд цөөнгүй хорооны Засаг даргыг халж, сольж буй нь сонгуультай холбоотой гэж тэд үзэж байна. Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хорионы бүс “Хоум плаза”-гийн зүүн уулзвараас “Жанжин” зах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойноос “Нарантуул”-ын баруун урд уулзвар, “Саруул” зах болон “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл үргэлжилж байгаа аж. Хязгаарлалтын дэглэм тогтоосон дээрх бүсэд иргэд хүнсний дэлгүүр, эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд гэрээс гарахгүй. Архи, согтууруулах ундаа худалдахгүй, хэрэглэхгүй, мэргэжлийн байгууллагынхны тавьсан албан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх ёстой гэнэ.