Манай улсад эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудал байсхийгээд хөндөгдөж, олон нийт, төр, засгийн түвшинд ярьж ирсэн. Гэхдээ эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийнхөө цалин, хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангуулахаар байнга шахам тэмцэж, дуугарсны хүчинд Засгийн газраас тэднийг дэмжиж, хэд хэдэн төрлийн мөнгөн урамшууллын хөтөлбөрт хамруулан, цалинг нь ч үе шаттай нэмсээр байгаа. Мөн шөнийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт, хоол, унааны зардал, бусад нөхөн олговрыг ч гомдоохооргүй олгодог болсон хэмээн мэдээлдэг. Гэвч эмч, ажилтнуудад энэ нь одоо ч хангалтгүй хэвээр аж. Учир нь сүүлийн үед улсаас урамшуулал, нөхөн олговруудаа хугацаанд нь өгөхөө больсон гэх. Тэгвэл эрүүл мэндийн салбарын бусад ажилтны нөхцөл байдал үүнээс ч дор, анхаарлын гадна үлджээ.
Эрүүл мэндийн салбарын бусад ажилтны нийгмийн асуудал, тэдний цалин, хангамжийн талаар өнгөрсөн хугацаанд хэн дуугарч, эрх ашгийг нь хамгаалав. Эрүүл мэндийн салбар эмч, сувилагч, лаборант гэсэн хэдхэн хүний нуруун дээр тогтдоггүй нь ойлгомжтой. Эл салбарт өдгөө 56 мянга гаруй хүн ажиллаж буйгаас 40 орчим мянга нь эрүүл мэндийн төрийн өмчийн байгууллагад харьяалагддагийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд дурджээ. Эдгээрээс тэн хагас нь шахам эмнэлгийн бусад ажилтны ангилалд багтдаг бөгөөд үйлчлэгч, асрагч, галч, манаач, инженер, сантехникийн мэргэжилтэн, засварчин зэрэг хамаарна.
Эрүүл мэндийн салбарын хамаг л хүнд, хэцүү ажлуудыг нугалдаг тэдний цалинг сүүлийн 10 гаруй жилд улсаас огт нэмээгүйг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлэв. Тэрбээр “Манай салбарын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтны нийгмийн асуудал хүнд хэвээр байгаа. Бид жил бүр салбарын гурван талт хэлэлцээрийг ЭМЯ, ХНХЯ болон Сангийн яамныхантай хийдэг юм. Түүгээр эмч, ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудлыг тухайн жилд хэрхэн дээшлүүлж, сайжруулах талаар шийдвэрлэдэг. 2017 оноос хойш салбарын эмч, сувилагч нарын цалин хөлсийг үе шаттай нэмсэн. Гэхдээ багахан хэмжээгээр нэмсэн тул дорвитой өөрчлөлт гараагүй. Бусад мэргэжлийн инженер, техникийн ажилтан, санхүүгийн болон асрагч, үйлчлэгч, манаач нарын цалинг бүр хэлэхээс ч ичмээр. Тэдний үндсэн цалин өдгөө 550-650 мянган төгрөг. Үүнээс татвараа төлөөд 400 мянган төгрөг л авдаг. Хагас сарын цалин нь 200-250 мянган төгрөг гэсэн үг. Ийм цалингаар яаж амьдрах билээ. Тэд эрүүл мэндээрээ ч хохирч, үнэхээр цөхөрч байна. Илүү цагийн хөлс байг гэхэд ядаж салбараар нь цалин нэмж байгаа тохиолдолд тэднийг бас хамруулдаг болгох хэрэгтэй. Засгийн газар, ЭМЯ-ныхан эмч, ажилтнуудын цалин хангамжийг жил бүр нэмж, янз бүрийн урамшуулал, тэтгэлэгт хамруулж буй гэх боловч амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа. Наад зах нь шөнийн нэмэгдэл, хоол, унааны зардал ч өгөхөө больсон. Бид цар тахалтай энэ хүнд үед цалин хангамж нэм гэж хэл ам татлахгүй, эцсээ хүртэл зүтгэнэ. Харин нөхцөл байдал намжихаар асуудлуудаа ярина. Ялангуяа салбарын бусад ажилтны цалин хөлсийг нэмүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авна. Учир нь 2020- 2021 оны салбарын хэмжээний гурван талт хэлэлцээрт тэдний цалинг нэмүүлэх саналаа удаа дараа тавьсан ч холбогдох яамд авч хэлэлцэхгүй байна. Засгийн газарт хүртэл эл асуудлыг уламжилсан” гэлээ.
Салбарын бусад ажилтны нийгмийн асуудлыг улс ийнхүү хөсөр хаясан нь өөр нэг шалтгаантай гэнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт “Эрүүл мэндийн ажилтан гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй бусад ажилтныг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгсэн хэрнээ Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл хэмээх журмаар тэднийг одоо болтол ялгаварлан гадуурхсаар байгаа аж. Тодруулбал, эл журамд зааснаар төсвийн байгууллагад тэр дундаа эмнэлгийн манаач, жолооч, галч, асрагч, үйлчлэгч, худагчин, сантехникийн засварчин зэргийг сүүлийн 10 гаруй жил гэрээгээр ажиллуулж иржээ. Үүний уршгаар эрүүл мэндийн салбарт олон жил үүрэг гүйцэтгэсэн, төрийн үйлчилгээний ажилтан гэгдэж явсан хүмүүсийг хүчээр гэрээт болгон, илүү цагийн нэмэгдэл, цалин хангамжийн урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжийн нөхөн олговроос бүрмөсөн хассан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарт 25, түүнээс олон, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10, түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаар нь тооцон олгоно. Ажилласан жилийн нэмэгдлийг мөн гурав, таван жил тутамд тооцон урамшуулна” гэх хуулийн заалт нь дээрх журмаас болоод хэрэгждэггүй гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн бусад ажилтныг гэрээгээр ажиллуулсан ч төрийн захиргааны байгууллагууд нь тэдэнд олгох ёстой илүү цагийн хөлс, нэмэгдэл цалин, бусад урамшуулал, дэмжлэгт хамруулах хуультай. Гэтэл “Та нар гэрээт ажилтан” гэсэн үгээр халхавчлан хууль, журмаас дээгүүр шийдвэр гаргадаг эмнэлгийн удирдлага, орон нутгийн захиргаа цөөнгүй байгааг гэрээт ажилтнууд хэллээ.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 23.9 мянга нь сум, тосгоны эмнэлэгт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн болон Нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн бусад ажилтны олонх нь орон нутагт харьяалагддаг гэсэн үг. Сумын Эрүүл мэндийн төвийн нэгт нь л гэхэд 4-5 гэрээт ажилтан байх жишээтэй. Үүнийг бүх сумаар үржүүлбэл, зөвхөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 1700 орчим хүний эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна. Хэрхэн, яаж гэдгийг Архангай аймгийн нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт ажилтны яриагаар хүргэе. Тэрбээр “Би эрүүл мэндийн байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаагаас сүүлийн 10 жилд нь гэрээт ажилтны орон тоогоор цалинжсан. Гэтэл сум, тосгоны сургууль, цэцэрлэг, захиргааны байгууллагын галч, манаач, үйлчлэгч, сантехникийн засварчин гээд бүгд төрийн үйлчилгээний ажилтан гэсэн ангиллаар цалинжин, төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшуулалд хамрагдсаар байна. Зөвхөн эрүүл мэндийн салбар л эдгээр орон тоог гэрээт болгон, биднийг хүний тооноос хасчихсан. Би сумынхаа эмнэлэгт галчаар ажилладаг. Миний санаж буйгаар, С.Ламбаа сайдын үед эрүүл мэндийн бусад ажилтныг гэрээт болгон, бүх урамшуулал дэмжлэг, цалин хөлс таначихаад мартчихсан. Түүнээс хойш төр, засгийн удирдлага өчнөөн солигдлоо. Эл хугацаанд бид асуудлаа холбогдох хүмүүст олон удаа тавьсан. Сонгуулийн үеэр, дараа нь ч гэсэн шийдчих юм болов уу хэмээн горьдоод орон нутгаасаа сонгогдсон гишүүдэд хүртэл энэ талаар уламжилж байв. Тухайн үедээ тэд “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл мөн байна. Удахгүй шийдэж өгнө” гээд таг болдог. Гэрээт галч нар гэхэд л нэг өдөр нь найм, дараагийн өдрөө 16, 24 цагаар бүтэн ажиллана. Өмнө нь үндсэн ажилтан байхдаа ингэж ажиллаад илүү цагийн нэмэгдэл, бусад урамшуулалд хангалттай хамрагддаг байлаа. Харин одоо бол сарын 546 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс татвараа төлөөд 15 хоногт 215 мянган төгрөгийн л цалин авч байна. Тэтгэвэртээ “суух” ч дөхлөө. Гэтэл насаараа ажилласны минь хэрэг гарахгүй нь” хэмээн учирласан юм.
Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ч дээрх тооны гэрээт ажилтантай гэсэн. Эмнэлгийн бусад ажилтнаас гадна зөвхөн гэрээтүүдийн нийгмийн асуудлыг яривал 4000-5000 хүний эрх ашиг хөндөгдөх аж. Ийм байхад ЭМЯ, холбогдох байгууллагууд хуучирсан тушаал, журмаа шинэчлэхгүй гэж гүрийсээр, эдгээр ажилтныг хохироосоор л байх уу.