Манай улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн дархлаажуулалт эхэлснээс хойш 22 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 126 449 иргэн буюу зорилтот бүлгийн зургаан хувь нь вакцины эхний тунг хийлгэснийг ЭМЯ-наас өчигдөр мэдээлэв. Уг үзүүлэлт нь дэлхий дахинд өндөрт тооцогдох бахархам амжилт болохыг тус яамныхан тодотгосон. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийнхээ зургаан хувьд нь вакцины эхний тунг хийсэн үзүүлэлтээр манай улс дэлхийд 17 дугаарт бичигдсэн гэнэ. Гэхдээ бодит байдалд коронавирусийн эсрэг дархлаажуулалт салбарын яамныхны хэлснээс огт өөр байна. Вакцинтай холбоотой олон мэдээлэл бүрхэг бөгөөд дарга нар өөр өөр зүйл ярьж олон нийтийг төөрөгдүүлэх боллоо. Үүний уршгаар иргэд хэнд нь итгэхээ ойлгохоо болив. Гурван асуудлыг энд хөндье.
Нэгдүгээрт, дархлаажуулалтын дараалал алдагдлаа. Япон Улсын Ерөнхий сайд өчигдөр дарааллын дагуу вакцин хийлгэлээ. Түүнчлэн эзэн хаан нь ч ээлжээ хүлээж буй бөгөөд тус улсын иргэд вакцин хийлгэх дарааллыг ягштал мөрдөж байгаа талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүдэд өчигдөр нийтлэгдлээ. Харин манай улсад дараалал гэгч зүйл байгаа, эсэх нь тодорхойгүй. Уг нь ЭМЯ, ХӨСҮТ-өөс дархлаажуулалт эхлэхээс өмнөхөн дараалал гэгч зүйл танилцуулсан. Эхлээд эрүүл мэндийн салбарынхан, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчид, дараа нь өндөр настнуудаа гэх мэтээр нэлээд нарийвчилсан хуваарь гаргасан байв. Гэтэл дархлаажуулалтын явцад эл хуваарь нь зүгээр л цаас болж, өндөр настнууд хойш “шидэгджээ”. Тэр дундаа 64-өөс дээш насныхан хэзээ вакцин хийлгэх нь тодорхой бус боллоо. Бас ЭМЯ-наас уржигдар 50-64 насныхныг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ гэж мэдээлсэн атал төд удалгүй ХӨСҮТ-өөс 60-64 настай иргэдэд вакцин хийнэ гэх мэтээр “бужигнуулав”. Аль нь үнэн хэлснийг иргэд одоо ч олж мэдээгүй байна. Түүнчлэн яг аль аль салбараас хэдэн хүн вакцин хийлгээд буйг албаныхан нууцалж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн гэхэд “Манайд мэдээлэл алга” гэсэн хариулт өгөх жишээтэй. Тэд үүнийг мэдэхгүй хэрнээ дархлаажуулалтыг үргэлжлүүлж буй нь хачирхалтай.
Хоёрдугаарт, давтан тун хийлгэх хугацаа “доголдов”. Тухайлбал, “АстраЗенека” компанийн вакциныг хийлгэсэн хүмүүс хэд хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх вэ гэдэг нь тодорхой бус боллоо. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн энэ сарын 10-нд “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж ДЭМБ-аас зөвлөсөн” хэмээсэн билээ. Уг вакциныг тариулсан иргэд 56 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой гэсэн үг. Гэтэл вакцин хийлгэсэн иргэдэд дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч нар 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөжээ. Ийм зөрүүтэй тоог холбогдох мэргэжилтнүүд нь хэлснээс болж “АстраЗенека”-гийн вакцин хийлгэсэн хүмүүс хоёр дахь тунгаа яг хэзээ хийлгэвэл аюулгүй байх талаар бодож, тархиа гашилгах боллоо. Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой энэ асуудалд нэгдсэн хариулт өгч, нэг талд нь гаргахыг мэргэжлийн байгууллагуудаас хүсье.
Гурав дахь асуудал нь вакцины хүрэлцээ. Дээр дурдсанчлан зорилтот бүлгийн дөнгөж зургаан хувийг дархлаажуулж байхад вакцин дуусах нь. Тодруулбал, манай улс одоогоор нийт 464 400 тун вакцин хүлээн авсныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлсэн. Нэг иргэнд хоёр тун хийнэ гэж тооцоход энэ нь 232 200 хүнд хийх хэмжээний вакцин юм. Тэгвэл өчигдрийн байдлаар 126 449 хүнийг дархлаажуулснаар 105 551 иргэнд хийх вакцин үлдлээ. Дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 15 000-20 000 хүн хамруулна гэж салбарын яамнаас мэдээлж байсан. Энэ төлөвлөгөөний дагуу ажиллавал 5-6 хоногийн дараа вакцин дуусна. Гэтэл хаанаас нэмж авах нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ ЭМЯ-ныхан “Хувь хүмүүс дархлаажуулалтад муу хамрагдаж байна. Бид зорилтот бүлгийн хүмүүс болон байгууллагуудад хаана вакцин хийлгэх талаарх зарыг түгээж буй. Харин иргэд заасан цагийн хуваарийн дагуу дархлаажуулалтад хамрагдахыг хүсье” гэж иргэдийг буруутгаж суух жишээтэй. Бодит байдалд иргэд маш идэвхтэй хамрагдаж, дархлаажуулалтын цэгүүдэд дараалал байнга үүсэж байна. Үүнээс гадна олон иргэн хэзээ ирэх нь мэдэхгүй ээлжээ хүлээж, “Вакцин хийлгэх сэн” гэж байгаа. Гэсэн ч вакцин нь байхгүй, дархлаажуулалт ч урагшлахгүй байгааг дарга нар анхааралдаа авна уу.
Бэлтгэсэн: М.Оч