Вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарт нэг удаагийн аягаар хоол өгсөн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан. Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон байгаа" гэдгийг онцлон хэллээ.