Ковакс хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14 400 тун АстраЗенека/Оксфорд вакцин Монголд авчирлаа. World Health Organization Mongolia болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс "Ковид-19"-ийн дархлаажуулалтын аяны бэлтгэлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэг үзүүлж буй. Уг хөтөлбөрт Австрали, Канад, Европын Холбоо, Япон улс, Саудын Араб, Швейцарь, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс томоохон хувь нэмэр оруулж буй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс анхныхаа 14 400 тун вакциныг хүлээн авч буйд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс уг хөтөлбөрт оролцож буй хандивлагч орнууд, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье. Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн вакцинаас 112 800 тун, “Pfizer” компанийн хөгжүүлсэн вакцинаас 25 740 тунг хүлээж авна. Бид энэ оны долдугаар сард багтаан нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн хоёр сая гаруй иргэнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилго тавин ажиллаж байна" гэв.