УОК хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Улмаар улбар шар түвшиг тогтоож, дээрх 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлав. Мөн уг хугацаанд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Хатуу хөл хорио тогтоохгүйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл ахиулж буй гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэх юм. Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш өдөр бүр 16-20 мянган хүнийг вакцинд хамруулж, Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг тавдугаар сар гэхэд вакцинжуулах шахуу хуваарийг ч гаргажээ. Улбар шар түвшний үед аж ахуйн нэгжүүд 22.00 цаг хүртэл ажиллана. 23.00-06.00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөн хязгаарлана.
Шадар сайд С.Амарсайхан энэ талаар "Улбар шар түвшний энэхүү хязгаарлалтыг улс орон даяар хэрэгжүүлнэ. Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн хугацаанд хязгаарлаж буй. Мөн дөрөвдүгээр сараас сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй. Дээрх хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг одоогоор хэлэх боломжгүй" гэв.
Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан ийнхүү даваа гаргаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.