Бөөр хамгаалах дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Манай улс хүйтэн ширүүн, эрс тэс уур амьсгалтай учраас иргэд бөөр, шээсний замын эмгэгт олноор өртдөг гэсэн судалгаа бий. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд тус өдрийг “Бөөрний өвчний үед чанартай амьдрахуй” уриан доор тэмдэглэж, иргэдэд энэ талаарх мэдээлэл, сурталчилгааг хүргэв. Тодруулбал, бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны эмгэг нь манай улсын хүн амын өвчлөлийн IV шалтгаан болоод буй. 10 мянган хүнд энэ төрлийн өвчин 1120 тохиолдож, сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд дурджээ. Ялангуяа түүдгэнцэр, тэвшинцрийн гаралтай бөөрний архаг дутагдал иргэдийн дунд элбэг болсныг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн хэллээ. Бөөрний дутагдалд нэгэнт орсон л бол эрхтэн шилжүүлэн суулгуулахаас өөр эмчилгээгүй аж.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ-т хийдэг бөгөөд өчигдрийн байдлаар 235 хүнд уг мэс заслыг хийжээ. Эмч нар энэ сард 2-3 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөснөө хэлсэн. Тус эмнэлгийн хяналтад өдгөө 200-гаад хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хүлээн, диализын эмчилгээ хийлгэж буй юм байна. Цар тахалтай энэ хэцүү цаг үед тэдний эмчилгээ, хагалгааг тасалдуулахгүй байхад эмнэлгийнхэн онцгой анхаарч, өвчтөнүүдийн гэр бүлийнхэн, нийгэмлэг, холбоод ч хамтран ажиллах шаардлагатай гэнэ. Учир нь бөөрний архаг өвчтэй болон дутагдалтай хүмүүст байнгын асаргаа, сувилгаа хэрэгтэйгээс гадна эрхтэн шилжүүлэн суулгасных нь дараа ч гэсэн чанартай амьдрахад нь туслахыг эмч нар зөвлөлөө. Цаашлаад бөөрний уламжлалт эмчилгээг сайжруулах, өвчтөнийг стресстүүлж, нойргүйдүүлэх, сул дорой болгодог шинж тэмдгүүдийг дарах менежмент боловсруулахыг ДЭМБ-аас улс орнуудад уриалжээ.