Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 1-нээс нээсэн. Гэсэн ч нийслэлд коронавирус голомтлон тархаж, олон хүн халдвар авч байгаатай холбоотойгоор зарим аймаг нийслэлээс ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй гэсэн захирамж гарган, мөрдөж эхэлжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Ховд гэсэн найман аймгийн Засаг дарга, Онцгой комиссын шийдвэрээр зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй. Сэлэнгэ аймагт гэхэд энэ сарын 14-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд нийслэлээс ирсэн хүмүүсийг хүлээн авахгүй. Харин аймаг доторх зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж. Дархан-Уул аймгийн тухайд дархлаажуулалт дуусах хүртэл нийслэлээс ирэх хүмүүсийг нэвтрүүлэхгүй. Зөвхөн хүнс тээвэрлэсэн, буяны ажилд оролцох зэрэг зайлшгүй шаардлагатай иргэд л нэвтэрч болох гэнэ. Бусад аймгийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр нь энэ долоо хоног дуустал үргэлжлэхээр байлаа.
Орон нутгийн Онцгой комисс, удирдлага нь ийнхүү дур мэдэн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж болох уу. Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-т “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна” гэж заасан байдаг. Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх эрхтэй. Тиймээс аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын үед хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой” гэв.
Бэлтгэсэн: М.Оч