Баянгол дүүргийн XVIII хороо Ахмадын эмнэлгийн гадна талаас наймдугаар давхар хүртэл барагцаалбал 100 гаруй хүн дугаарлан зогсоно. Дарааллын эх рүү зүглэтэл “Өглөөнөөс хойш ямар удаан хүлээлгэдэг юм бэ. Дугаарлаач ээ” гэж нэгэн эмэгтэй бухимдуу хашхирав. Тус эмнэлгийнхэн коронавирусийн эсрэг вакцин хийж эхлээд 10 гаруй хоносон бөгөөд өчигдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүдийн эмч, ажилтнуудыг дархлаажуулж байлаа. Нэгэн хувийн эмнэлгийн сувилагч О.Ариунзул “Биднийг 10.00 цагт ирээрэй гэсэн. Нэлээд ачаалалтай байгаа бололтой. Хоёр цаг гаруй хүлээж байна. Вакцин хийлгэхээр ирэхэд ямар нэгэн шаардлага тавиагүй, иргэний үнэмлэхээ авчирсан. Манай эмнэлэг ажилтнуудынхаа нэрийг урьдчилаад явуулсан” хэмээв. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн ажилчин Э “Би 11.00 цагт ирж, дараалалд зогссон. Манайх 300 гаруй ажилчнаа хоёр хэсэгт хуваан, өчигдрөөс вакцин хийлгэж байна. Өнөөдөр (гуравдугаар сарын 10) бүх ажилтанд хийж дуусах юм билээ” гэж ярилаа.
Ахмадын эмнэлгийнхэн 09.00 цагаас иргэдэд вакцин хийж эхэлжээ. Үүнд хамрагдах хүмүүсийг эмнэлгийн баруун жигүүрийн хаалгаар оруулж, наймдугаар давхарт хоёр хүн хүлээн авч, биеийн халуун болон даралтыг нь хэмжин, бүртгэлийн өрөөнд оруулж байв. Уг өрөөнд иргэд байгууллагын хаяг, нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлэн, коронавирусийн халдвар авсан уу, ойрын хавьтал болсон уу зэргийг дурдсан асуумж бөглөх аж. Ингэснээр вакцин хийлгэх өрөөнд орно. Вакцин хийлгэсний дараа иргэдийг хүлээлгийн тасалгаанд 30 минут суулган, биеийн байдлыг нь тогтмол асууж, шалгаж байлаа. Энэ нь сөрөг урвал илэрвэл хариу арга хэмжээ авах зорилготой гэнэ. Ийнхүү бүртгүүлж, вакцин хийлгээд, хэсэг азнаад гарахад нэг хүнд 40 орчим минут зарцуулдаг юм байна. Вакцин хийлгэхээр ирсэн иргэд дугаарлан зогсож байсан ч хүн хоорондын зай барих дэглэм барихгүй, бараг наалдах шахсан байв.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС
Баянголын XV хороонд байрлах 40 дүгээр сургуульд өчигдрөөс тус дүүрэг дэх зах, худалдааны төв, нийтийн үйлчилгээний газрын ажилчдад вакцин хийж эхэлжээ. 14.00 цагт тэнд очиход цөөнгүй хүн дугаарлажээ. Дархлаажуулалтыг 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд 14.20 цагийн байдлаар 200 орчим хүн вакцин хийлгэсэн байв. Сургуулийн анги, урлаг, спортын танхимыг ашиглан бүртгэл, эмчийн үзлэг, вакцин хийх тасалгаа, хүлээлгийн өрөө зэргийг бэлдсэн нь цэгцтэй байв. Өөрөөр хэлбэл, зай талбайг сайтар тооцон, хүн хоорондын зайг баримталсан, зохион байгуулалт сайтай харагдлаа.
Дээр дурдсан хоёр цэгт очсон иргэдэд “АстраЗенека” компанийн вакцин хийсэн бөгөөд ямар нэгэн сөрөг урвал илрээгүй аж. 40 дүгээр сургуульд энэ сарыг дуустал вакцинжуулалт хийх урьдчилсан тов гарчээ. Харин Ахмадын эмнэлэгт хэзээ хүртэл дархлаажуулалтыг үргэлжлүүлэх нь тодорхойгүй гэсэн. Түүнчлэн цусны даралт нь ихэссэн, эсвэл халуунтай хүмүүст вакцин хийхгүй аж. Харин халуун нь бууж, даралт нь хэвийн болсны дараа тариулж болох нь. Баянголын Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Дүүргийн хэмжээнд өдөрт 3000 орчим иргэнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй. Бүх шатны эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдыг дайчлан ажиллуулж байна. Хамгийн гол нь вакцин хийлгэсэн иргэд вирусээс бүрэн хамгаалагдсан гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах ёстой. Энэ бол шинэ вакцин. Манай улсын иргэдэд анх удаа хийж байгаа учир дархлаа хэрхэн тогтохыг, ямар урвал илрэхийг шууд хэлж чадахгүй. Тариулснаас хойших 12 цагийн хугацаанд толгой эргэх, бага зэрэг халуурах зэрэг шинж илэрч болно” гэлээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн найман дүүрэг дэх 46 цэгт 1200 орчим эмч, мэргэжилтэн ажиллаж, иргэдийг дархлаажуулж буйг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Цэгүүдийг танилцуулъя.
ВАКЦИН ХИЙХ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ