Чингэлтэй дүүргийн нутаг, Хандгайтын гудамж дахь гэрээсээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ явахаар гараад сураггүй болсон Г гэх охины цогцсыг нүд халтирам болгож хаясныг тухайн сарын 23-ны шөнө Бэлхийн гудамжнаас олсон нь олныг цочирдуулсан билээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны үдэш иргэд “Шуудайнд хийж хаясан, эвгүй үнэртэй сэжигтэй зүйл байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсний дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга нараар удирдуулсан Ажлын хэсгийнхэн хэргийн газарт ажиллаж 16 настай охины цогцсыг хүн харахаас ч нүд халтирам болгосон хэргийг шалгаж эхэлсэн юм. Гэмт этгээд талийгаачийн цогцсын зарим хэсгийг өөр газарт нуусан байсан бөгөөд хэргийн холбогдогчоор заалган үлдсэн хэсгийг нь цагдаа нар олсон байдаг. Хууль сахиулагчид цогцсын ойр орчмоос охины нүдний шилний алчуур, гар утасны чихэвч, зүүлт, хичээлийн дэвтрүүд, үсний боолт, хавчаар зэрэг эд зүйлсийг нь олж эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх хэрэгт холбогдуулан охины төрсөн ах, 2002 онд төрсөн С.Г-ыг баривчилсан бөгөөд тэрбээр үл ялих зүйлээс болж маргалдан боомилж хөнөөснөө хүлээсэн юм. Тэрбээр гэрээсээ өөр газарт амьдардаг бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 3-наас хойш цогцсыг 20 хоног гэртээ байлгаж байгаад гаргаж хаяснаа хүлээсний сацуу мөрдөгчид гэрээс нь охины цогцсыг хүн харахын аргагүй болгоход ашигласан хөрөө зэрэг эд мөрийн баримтыг хураан авсан.
Уг хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад С.Г-д Эрүүгийн хуулийн 10.1-2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ.