Завхан аймгийн Шилүүстэй суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна. Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин хоёр иргэний PCR шинжилгээний хариу ийнхүү халдвартай нь батлагдсан байна. Ингэснээр Завхан аймагт дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүлжээ. Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.